Мэргэд хийгээд Сэлэнгэчүүд
Монголын нууц манай Сэлэнгийн газар шороон дээр болсон түүхт үйл явдлын тухай тодорхой дурьдагдсан байдаг. Тэр үеийн Сэлэнгэчүүдийг Мэргэд хэмээн нэрлэж байсан.
Мэргэдүүд харваж намнахдаа мэргэн, дайчин Чингисийн нэлээд хүчтэй өрсөлдөгч нь байжээ. Чингис хааны эцэг Есүхэй баатар Орхон Сэлэнгийн бэлчир, Буур хээрээр нутаглаж байсан Удуйд мэргэдийн тэргүүн Тогтоа бэхийн дүү их Чилүдээгээс түүний авааль хатан Өүлэнг булаан авсан нь хожим олон үйл явдлын зөрчил тулалдааны шалтаг болсон түүхтэй. Тогтоа бэх тухайн үедээ их хүчирхэг дайчин эр байсан. Иймээс ч өөртэй нь ижил хэмжээний хүчирхэг байсан Хэрэйдийн /Туул голоор нутаглаж байсан/ Хурчахус Буйраг хааны хатан хүүхдийг булаан авч Тоорил хааныг долоон настай байхад нь Буур хээрийн нутагт будаа тариа нүдүүлж явсан билээ. Хожим нь Тоорил хаан Тогтоа бэхэд бялдуучлан өөрийн охин Ужаур гүнжээ бэлэглэж байжээ.
 
Мэргэдүүд Есүхэй баатарт Өүлэн эхийг булаалгасны өшийг санаж Тэмүүжин нарыг гэнэт довтлон хатан Бөртэг олзолж Чилүдэгийн дүү Чилгэр бөхөд өгсөн нь хамаг Монголын хаан хүүгийн хилэн хорслыг асааж ааг омгийг нь бадраасан юм.
Мэргэдээс амь зулбан гарсан Тэмүүжин бараг жил гаруй болсны дараа буюу 1185 онд ван хаан Тоорил, багын анд Жамух нартай хүчин хавсран Хилго мөрөн /Буриад нутагт буй/ Сүх голоор гэтлэн шөнөөр гэнэт довтлоход Тогтоа бэх, Даар-Усун нар Баргужин орон зугатааж хаатай Дармала баригдав. Энэ тулалдаан Тэмүүжиний цэргийн жанжны авъяасыг тодруулж нэр хүндийг нь өргөн өөртөө итгэл хүч чадлыг мэдрүүлсэн бөлгөө.
 
1204 оны хулгана жил Чингис хааныг Наймантай байлдаж дийлээд буцаж явахад нь Тогтоа дахин байлдсан боловч дийлдэж өөрийн хүү Худу, Чулуун хоёрын хамт зугатан, Худугийн хатан Дөргэнэ /Туркана/ олзлогдов. Чингис хаан Дөргэнэ хатныг бэр Дөргэнэ Монголын хоёр дахь их хаан Өгөөдэйн хатан болсон ёсон ийм ажээ. Энэ мэргэд хатнаас төрсөн хүү Гүег нь монголын гурав дахь их хаан болой. Өгөөдэй хааныг таалал болсны дараа Турхан хатан Монголын төрийг 5 жилийн турш барьж байсан бөлгөө. Энэ тухай жуулчин Вильгельм Рубрукийн номонд бэлхнээ тод буй. Уас мэргэдийн Дайр Усун тэргүүлэгч Чингис хаан лугаа байлдах хүсэл үгүйгээ айлтган өөрийн охин Хулан хатныг өгч худ болсон ажээ. Хулан хатан Чингисийн төрийн дөрвөн хатны нэг бөгөөд Чингис хаан алс хол аян дайнд явахдаа үргэлж дэргэдээ авч явдаг их хүндтэй хатан байсан ажгуу.
 
Удуйд мэргэдийн Тогтоа алтайн арын даваагаар даван Найманы хүчүлүг хантай нийлээд Эрчис мөрний Бүгдэрхэн гэдэг газар Чингис хаантай дахин байлдав. Энэ байлдаанд Тогтоа зэрлэг суманд оногдон үхжээ. Хөвүүд нь эцгээ оршуулж завдалгүй тэргүүнийг нь аван зугатан оджээ. Мөн энэ үед Чингис хаанд дагаар орсон мэргэд иргэд бослого гарган дарагджээ. Чингис хаан үүнд ихэд хилэгнэн “Тэднийг хамт байлгая гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ” хэмээн мэргэд иргэдийг бусад аймаг отогт тараан өгөөд Тогтоагийн хүү Худу, Чулуун нарын хойноос Сүбээдэй жанжныг илгээжээ. Сүбээдэй тэднийг Чүй мөрөнд гүйцэн сөнөөснөөр мэргэдтэй хийсэн олон жилийн сунжирсан тулалдаан сая нэг л дууссан ажээ.
 
Барс жил /1206 он/ Онон мөрнөө их хурилдай хуралдаж есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмүүжинд Чингис хаан цол өргөж бүхийд Чингис хаан улс төрийг байгуулсан урьдын гавъяат нөхдөө угсаатан ноёд болгон соёрхол айлдан зарлиг болоод Сорхон шард хандан: Чиний урьдын байгуулсан ачийг санаж хүслийг чинь биелүүлье. чи Мэргэдийн нутаг Сэлэнгэд ургийн урагт хүртэл дархан дураар амьдарч нум сумаа агсаж, хурим найр хийж, хундага сөнгөө түшиж явтугай хэмээн зарлигдсан байна.
 
Одоо манай Сэлэнгэд Сорхон шарын нуруу гэж бий бөгөөд өнөөгийн Сэлэнгэчүүдийн түүхэн хөгжил ийнхүү мэргэдийн үүх түүхтэй салшгүй холбоотой юм.
 
Ер нь их хаан Чингисийн эх Өүлэн мэргэдийн Тогтоагийн бэр байсан Чингисийн хатан Бөртэ мэргэдэд олзлогдон одож ууган хөвүүн Зүчийг төрүүлсэн, /магадгүй Тогтоагийн ач байж болох/ Өгөөдэй хааны хатан Турхана /Дөргэнэ/ Тогтоагийн бэр байсан монголын их Гүег нь мэргэдийн Туркана хатнаас мэндэлсэн зэргийг түүхчид их сонирхон судалсан байдаг.