Б.ЗҮМБЭРЭЛЛХАМ: ХУУЛИНД НЭГЭНТ БАТАЛГААГ НЬ, ХАРИУЦЛАГЫГ НЬ МАШ ТОДОРХОЙ ЗААЖ ӨГСӨН УЧРААС ӨМНӨХ ӨМНӨХӨӨС ЯЛГААТАЙ БАЙГАА

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тус ажлын баг орон нутгийн удирдлагууд, төрийн тусгай албан хаагчидтай уулзалт хийж, сумдын ЗДТГ-ын дарга нартай цахимаар, агентлагийн удирдлагууд, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөн туслах чиглэлээр ажиллалаа.

Сургалт, хэлэлцүүлэгт  25 байгууллагын 60 гаруй төрийн албан хаагч хамрагдаж, “Төрийн албаны тухай” хуулийн хэрэгжилт, шинэтгэлийн үед хийж буй үйл ажиллагаа”, “Төрийн захиргааны байгууллагад бодлогын инновацийг туршин нэвтрүүлэх зөвлөмж” зэрэг сэдвийн хүрээнд шинэ мэдээлэлтэй болсон юм. Ингээд энэ удаагийн ажлын багийн зорилго, чиглэл юу байсан талаар ажлын багийн ахлагч Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Зүмбэрэллхамтай уулзаж ярилцлаа.

-Төрийн албаны зөвлөлийн ажлын баг Сэлэнгэ аймагт хоёр өдөр ажиллалаа. Энэ удаагийн ажлын хэсгийн гол зорилго, чиглэл юу байв?

-Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчлэн найруулж, УИХ батлаад 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Ингээд төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд аймгуудаа хувааж аваад төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт хэр хэрэгжиж байна, тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудлууд юу байна гэдгийг газар дээр нь үзэж, танилцаж, зөвлөн туслах зорилгоор ажиллаад явж байгаа юм. Энэ удаагийн ажлын гол зорилго үндсэндээ энэ. Миний хувьд өөрийнхөө баг бүрэлдэхүүнтэй гараад Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллалаа. Төрийн албаны зөвлөл аймаг бүрд салбар зөвлөлтэй, орон тооны бусаар ажилладаг. Манай хүмүүс ажил, томилгоо, хүний нөөцтэй холбоотой, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг газар дээр нь үзэж, шалгаж яваа.

-Сэлэнгэ аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн ажил ямар үйл ажиллагаатай явдаг вэ?

-Сэлэнгэ аймгийн тухайд аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаар ахлуулан ажиллаж байна. Үндсэндээ ТАСЗ-ийг аймгуудад тамгын дарга нар нь ахалж ажилладаг журамтай. Сувдаа даргаар ахлуулсан салбар зөвлөлийн ажил жигд, маш сайн ажиллагаатай байдаг. Төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөлүүдийнхээ ажлыг жил бүр дүгнэж байр эзлүүлдэг. Ер нь Сэлэнгэ аймаг маш сайн ажиллагаатай салбар зөвлөлд тооцогддог. Харин одоо шинээр төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг орон тооны болгож байгаа. Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Энхмааг томилсон байгаа. Албан ёсны шийдвэрийг би өөрөө танилцуулсан.

-Та ажиллах хугацаандаа төрийн тусгай албаныхантай тусгайлан уулзаж, ярилцаж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Төрийн албаны зөвлөлд бүхий л төрийн алба хамаатай. Төрийн алба маань дөрвөн ангилалд хамаардаг. Энд улс төрийн алба, захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний алба гээд. Төрийн тусгай байгууллагууд чинь өөрөө тусгай чиг үүрэгтэй байдаг учраас төрийн захиргаанаас зарим зүйл нь ялгаатай, тус тусын салбарын хуулиудтай байдаг. Тэгэхээр салбарынхаа хуулиудыг төрийн албаныхаа хуулиудтай яаж нийцүүлж, мөрдөх үү гэдэг талаар тусгай байгууллагынхантай тусгайд нь уулзаж, ярилцаж байгаа юм. Энэ тусгай байгууллагынхан төрийн хуулийн шинэтгэлийн үзэл санааг хэрэгжүүлэх өөрийнхөө тусгай чиг үүрэгтэй уялдуулах тал дээр тусад нь уулзаж ярилцах юм.

-Төрийн албаны тогтвор суурьшлын асуудал нэлээд яригддаг. Ялангуяа сонгуулийн дараа. Би ажилтай байх уу, үгүй юу гэдэг зүйл энд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлийн түгшүүр болдог. Энэ тогтвор суурьшлын талаар та төв байгууллагын эрх мэдэл бүхий хүний хувьд юу хэлэхсэн бол?

-Төрийн албаны хамгийн гол зүйл бол энэ. Төрийн албыг тогтвортой байлгах гэдэг бол амин чухал зүйл. Төрийн албанд яригдах ёстой асуудлын нэг. Хэрвээ төрийн алба нь тогтвортой ажиллахгүй байх юм бол, ажиллагсад нь тогтвортой ажиллах итгэл үнэмшил байхгүй байх юм бол төрийн алба өөрөө мэргэшсэн байх тухай асуудлыг ярих хэрэггүй. Төрийн албанд орсон хүн тэндээ итгэл үнэмшилтэй, маш сайн тогтвортой ажиллаж байж, би, шатлан дэвшиж, төрийн албаны дээд оргилд хүрнэ гэдэг ирээдүй нь тэр хүнд харагдаж байж, төрийн алба эрүүлжиж, тогтвортой, мэргэшиж ажиллах боломж бүрдэх юм. Сонгуулийн дараах үед төрийн албанаас хүмүүсийг халдаг, сольдог гэдэг зүйл бол яригддаг. Зарим талаар энэ бодит байдаг. Энэ удаагийн сонгуулийн дараах нөхцөл байдал өмнөхөөс ялгаатай. Яагаад гэвэл энэ төрийн албаны тухай хуульд “хэрвээ хуульд заасан үндэслэлээс өөр үндэслэлээр төрийн албан хаагчдыг халж, соливол тэр шийдвэр гаргасан албан тушаалтан өөрөө халагдах тийм заалтыг хийж өгсөн Нэгдүгээрт. Бас хоёрдугаарт буруу шийдвэр гаргасных нь төлөө хохирсон хохирлыг өөрөө нөхөн төлөх заалтыг төрийн албаны хуульд оруулж өгсөн”. Тэгэхлээр хууль тогтоомж бол төрийн албыг мэргэшүүлэх тал дээр хууль зөрчиж, хүнийг халж, сольдог асуудлын гол шалтгаан болдог юм байна гэдгийг олж хараад хууль тогтоогч энэ хуулиар хааж өгсөн. Тэгэхээр урд урдах сонгуулийн дараах үеэс энэ удаагийн сонгуулийн дараах үе ялгаатай. Хуулинд нэгэнт баталгааг нь, хариуцлагыг нь маш тодорхой зааж өгсөн учраас өмнөх өмнөхөөс ялгаатай байгаа. 

-Төрийн алба тогтвор суурьшилтай байх нь албан тушаалын шатлал гэдэг зүйлтэй жинхэнэ утгаараа уялдаж, холбогдож өгөх болов уу?

-Энэ хуулийн гол үзэл санаа бол цөөхөн хэдэн зүйл дээр байгаа юм шүү дээ. Ер нь бол тэр чадахуйн зарчимд суурилна гэж байгаа. Энэ нь үндсэндээ нэг албан тушаал дээр очих 10-20 хүн байна гэхэд түүнээс тэр албан тушаалыг хамгийн сайн хашиж чадах ганц хүнийг олж, тэр ажлыг хийлгэ гэдэг зарчим юм. Нөгөө нэг зарчим нь шатлан дэвших тогтолцоо гэж. Шатлан дэвших тогтолцоо бол төрийн албанд орсноос хойш шат алгасалгүйгээр дороосоо дээшээ шатлан дэвших энэ зарчмыг энэ хуулинд шинээр суулгаж өгсөн. Бүр доод талын албан тушаал дээр төчнөөн жил, нийт төрийн албанд төчнөөн жил ажилласан хүн тийм албан тушаал дээр очно гэдгийг зааж өгсөн. Иймээс энэ хууль хүчинтөгөлдөр үйлчилж эхэлснээс хойш томилогдож байгаа хүмүүс бүгд энэ зарчмаар томилогдоод явж байгаа. Тиймээс энэ зарчим маш сайн үйлчлэх юм бол төрийн албан хаагч ирээдүйгээ харж байж энд найдвартай ажиллана гэдэгт итгэлтэй байж, тэр хүн маань төрийн албанд хамаг хичээл зүтгэлээ гаргах боломж бүрдэнэ. Энэ шатлан дэвших зарчим бол үүний л баталгаа шүү дээ. Тэгэхээр ойрын жилүүдэд үүний үр дүн зайлшгүй гарна гэж бодож байгаа. Ер нь төрийн алба эрүүл саруул байж, мэргэшсэн, тогтвортой ажиллана гэдэг бол улс орны хөгжлийн гол түлхүүр юм шүү дээ. Уул уурхай, эдийн засаг янз бүрийн хөгжлийн хүчин зүйлүүдийг ярьдаг. Гэхдээ хүний хүчин зүйл, төрийн албаны хүчин зүйл гэдэг бол хөгжлийн гол гарц нь яг мөн.

-Сэлэнгэ аймгаас төрийн албатай холбоотой санал гомдол, маргаан танд очдог уу?

-Сэлэнгэ аймгаас төрийн албаны зөвлөлд ямар нэгэн гомдол, маргаан байхгүй. Ер нь төрийн албаны зөвлөл хүний нөөцийн маргаантай холбоотой асуудлыг төрийн албаны зөвлөл салбар зөвлөлүүд дээр шийдвэрлэдэг байсан. Энэ асуудлыг энэ хуулиар болиулаад төрийн албаны зөвлөл дээр зөвхөн шийддэг болгосон. Миний санаж байгаагаар Сэлэнгэ аймгийн төрийн албатай холбоотой маргаан, төрийн албаны зөвлөл дээр хянагдаж байгаа маргаан бол байхгүй.     

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.