ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХҮҮГҮЙ, УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙГЭЭР ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд баригдсан төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцны эхний 80 айлын байр ашиглалтад орж, албан ёсны нээлтээ өнөөдөр хийлээ. 

Энэхүү байрны давуу тал нь төрийн албан хаагчид хүүгүй, урьдчилгаа төлбөргүйгээр орон сууцтай болж байгаа явдал юм. Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагчид ийм уян хатан нөхцөлтэйгөөр орон сууцтай болж буй үйл явдал нь Монгол Улсад анхны тохиолдол гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү орон сууц нь 2018 онд сууриа тавьсан бөгөөд 6.2 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр, орон нутгийн өөрийн хөрөнгөөр сүндэрлэж байгаа гэдгээрээ давуу чанартай. Ингээд бодит бүтээн байгуулалт болсон үйл ажиллагаанаас хийсэн сурвалжилгаа хүргэе.

Улсдаа анхдагч, шилдэг бүтээн байгуулалт болсон үйл ажиллагаа нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан “Сэлэнгэ орон сууц” хөтөлбөр юм.

Тус хөтөлбөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Төрийн албан хаагчийн 120 айлын төсөлд эхний ээлжид Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй 43 төсөвт байгууллагын 120 албан хаагч хамрагдаж байна. Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Таванхан” ХХК уг төслийн гүйцэтгэгчээр шалгаран эхний ээлжийн нэг, хоёрдугаар блокийн 80 айлын орон сууцыг энэ сарын 8-нд ашиглалтад оруулж, бэлэгт сайн энэ өдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа, сумын Засаг дарга Т.Гантулга болон албаны бусад хүмүүс оролцлоо. Үйл ажиллагаанд оролцсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам: -“Сэлэнгэ аймгийн иргэдийг чанартай, хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготойгоор энэ сайхан ажлыг эхлүүлсэн байна. Энд маш олон хүний хүч хөдөлмөр, дэмжлэг, туслалцаа орсон.

Сэлэнгэ аймгийн 43 төрийн байгууллагын 120 айл тав тухтай орчин нөхцөлд амьдрах боломж өнөөдөр бүрдэж байгаад маш их талархаж байна. Миний бие уг бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, цаг хугацаанд нь дуусгах үүднээс санхүүгийн зарим зохицуулалтыг хийж оролцсон байгаа. Санаж, зорьсон ажил маань амжилттай хэрэгжсэнд маш их баяртай байна. Урьдчилгаа төлбөр, зээлийн хүү, зээлийн хугацааны хувьд төрийн албан хаагчдад харьцангуй боломжийн нөхцөл олгож буй энэ төсөл орон нутагт хэрэгжүүлэх жишиг хөтөлбөр болно гэдэгт итгэж байна. Бид цаашид аймгийнхаа иргэдийг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах ажлыг бодлого, төлөвлөлттэйгөөр үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Шинэ байранд орсон нутгийн ахан дүүс та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Энэ төслийг дэмжин ажилласан Сэлэнгэ аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ, гүйцэтгэл зохион байгуулалтыг хийсэн баг хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээв.  

Ц.Дарьсүрэн: Урьдчилгаагүй, хүүгүйгээр байртай болно гэдэг  тэнгэрийн од шүүрэхтэй адил юм

Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн Д.Дарьсүрэн: -“Өнөөдөр төрийн албан хаагчдын 120 айлын орон сууцны эхний 80 айлын байр ашиглалтад орж нээлтээ хийж байна. Энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа аймгийн засаг дарга Ш.Оргил болон үүнийг хэрэгжүүлж байгаа албан байгууллагуудад чин сэтгэлээсээ талархаж байна.  Би төрийн албан хаагч, манай нөхөр бас төрийн албан хаагч. Бид хоёр төрд ажиллаад 8-9 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд залуу гэр бүл, төрийн албан хаагч бид өөрийн гэсэн орон сууц авах гэж их үзсэн. Гэхдээ яагаад ч боломж бүрдэж өгөхгүй байлаа. Учир нь банкны урьдчилгаа, хүү гээд асар их өндөр зээл төлөх байсан учраас чадаагүй. Гэтэл ийм сайхан боломжтой нөхцөлөөр байртай болж байгаадаа туйлын их баяртай байна. Энэ бол банкны урьдчилгаагүй, хүүгүйгээр бидэнд олдож байгаа нь үнэхээр тэнгэрийн од шүүрэхтэй адил юм болж байна. Маш их талархалтай хандаж байгаа. Бусад төрийн албан хаагчдын адил квот сугалсан. Бүх төрийн албан хаагчдад дахин дахин баяр хүргэе. Миний эцэг эх төрд насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. 60 гарсан хүмүүс байгаа. Тэд насаараа ажиллаад орон сууцтай болж чадаагүй байхад үр хүүхэд бид нь аз тохиогоод ийм сайхан байртай боллоо. Ингээд аймгийн удирдлагууд түүний багийнханд дахин талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.

Ц.Эрдэнэчимэг: Эрүүл энхийн манаанд цаг наргүй ажилладаг эмч нар айлаас айлын байр дамжихаа болилоо

Сэлэнгэ аймгийн НЭ-ийн дарга Ц.Эрдэнэчимэг: -“Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдарч байгаа 120 өрхийн магнай тэнийсэн баярын өдөр болж байна. Тэр дундаа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй ажилладаг эмч нар маань айлаас айлын байр дамжихаа больж, 15 эмч өөрийн гэсэн орон байртай болж байна. Байхгүйн зовлон хэцүү. Энэ бүгдийг эцэс болгож хүүгүй, урьдчилгаагүйгээр орон сууцтай болох боломж үндэс суурийг тавьж өглөө. Ингээд аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, төрийн албан хаагчийн орон сууц хөтөлбөрийг санаачлагч аймгийн Засаг дарга Ш.Оргил, хэрэгжүүлэгч М.Тэмүүлэн захиралтай "Сэлэнгэ орон сууц" ОНӨААТҮГ, гүйцэтгэгч н.Энхтөр захиралтай "Таван хан" ХХК-ийн хамт олон, дэмжин ажилласан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, хамтран ажилласан Б.Ганболд захиралтай "Сэлэнгэ АЗЗА" компанийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажилд нь өндөр амжилт хүсье” гэв.

Хамгийн залуу төрийн албан хаагч М.Анхбаярт хөргөгчөөр мялаалга хүртээв

Шинэ байранд орсон иргэдийн тухайд гурван өрөө байранд орсон нь сард ердөө 500 гаруй мянган төгрөгийг найман жилийн хугацаанд төлөөд илүү ямар ч зардалгүйгээр  өөрийн гэсэн байртай болж буй юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр болсон бас нэгэн баярт мөч бол аймгийн Засаг дарга Ш.Оргил хамгийн залуу гэр бүлийг шалгаруулан хөргөгч бэлэглэсэн явдал байв. Баяр дээр баяр нэмсэн азын шагналын эзнээр аймгийн Онцгой байдлын газрын гал сөнөөгч, М.Анхбаяр байлаа. Мөн үеэр блок тус бүрээс нэг нэг айлыг азтанаар тодруулж нэг сая төгрөгийн үнэ бүхий гал зуухны тавилгаар урамшуулсан явдал байв. Үүнийг аймгийн Засаг дарга залуусаа дэмжсэн, урам зориг хайрласан, ажил үйлсэд нь дэм өгсөн үйл явдлууд болж байгаа шүү гэдгээ нээлтийн үеэр онцлон хэлсэн юм.

Ташрамд Сэлэнгэ аймагт сүндэрлэж буй төрийн албан хаагчийн байрны төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа байгууллага бол “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ. Тус байгууллага аймгийн Засаг даргын дэргэдэх байгууллага. Энэ байгууллага нь аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, зорилтын дагуу тус бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулжээ. Харин гүйцэтгэгч байгууллага нь Сэлэнгэ аймгийн “Таван хан Уул” ХХК юм.

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг аймгийнхаа хэмжээнд төдийгүй улсдаа түүчээлэх шилдэг томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн хэрэгжүүлээд байна. Хөдөө орон нутагт ажилаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн асуудлын гол цөм болсон орон сууцны асуудлыг ийн шийдсэн нь маш олон хүний талархлыг хүлээгээд байгаа. Ингээд төрийн албан хаагчдын байранд орж, мөн азтан болсон Э.Амартүвшинтэй уулзаж ярилцлаа.

-За юуны өмнө танай гэр бүлд давхар давхар баярын эзэд болцгоосонд халуун талархал илэрхийлье. Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Өнөөдөр маш гоё түүхэн өдөр болж байна. Намайг Эрдэнэдаваагийн Амартүвшин гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэст стандартын салбар хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Би энэ байгууллагадаа тасралтгүй ажиллаад долоон жил гаруй хугацаа болж байна.

-Танай гэр бүл шинэ байранд орж байгаа юм байна. Дээр нь бас блок тус бүрээс нэг азтан шалгаруулахад өөрийн тань нэр тодорлоо. Энэ жилийн хувьд танай гэр бүлд их сайхан үйл явдлууд тохиож байх шиг харагдлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу. Азтан боллоо гэж дуудахыг сонсоод хэр догдлов?

-Би сая 6 сард төрж манайх хоёр дахь охиноо хүлээж авсан юм. Охиноо тэврээд,  салхилуулаад гадаа энэ пасаданд сууж байлаа. Гэтэл азтан боллоо гээд миний нэрийг дуудаад азтан гарч ирэхгүй байна гэхээр нь бүр сандраад /инээв/. Тэгээд нөхрөө дуудсан. Хүүе ирж охиноо аваарай. Азтан болсон дуудаад байна гээд /инээв/. Манай гэр бүл энэ жил шинэ байранд орж байна. Бас шинэ хүнээ угтаж авсан. Сая азтан боллоо. Бидний амьдралд мартагдахгүй түүхэн үйл явдлууд тохиож байгаад туйлын баяртай байна. Манайх хоёр охинтой. Том нь гурван настай. Аз дагуулсан охиныг маань Цэлмүүн гэдэг. Сая сугалаа сугалж намайг азтан болгосон охиныг бас Цэлмүүн гэдэг юм байна. Би бүр бэлэгшээгээд их баярлаж сууна.

-Ямар нэгэн зөн совин байв уу. Танайх хэддүгээр блокт орсон бэ. Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Манайх гуравдугаар блокт байраа захиалсан болохоор ирэх 9-р сард байрандаа орно. Яагаад ч юм би наашаа ирмээр санагдаад байсан. Машиндаа сууж байснаа бүр охиноо тэврээд тоглоомын талбай дээр хүрч ирсэн. Маш их баяртай байна. Тэгтэл цаанаасаа аз дуудаад байжээ /инээв/. Гэр бүлийн хүн маань Цогбадрахын Амарцэнгэл гэдэг. “Урсгал ус” хувьцаат компанид ажилладаг. Маш их баяртай байна.

-Залуу хүмүүс өөрийн гэсэн орон байртай болно гэдэг хамгаас чухал. Ялангуяа өнөөгийн нийгэмд ийм хямд үнээр, ямар нэгэн зээлийн дарамтгүйгээр байртай болох боломж хомс шүү дээ. Өмнө та хоёр хэрхэн амьдарч байв?

-Бид хоёр эхлээд аав, ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ингээд хүүхэдтэй олуулаа болоод ирэхээр хамт амьдрах хэцүү. Тэгээд байр түрээслэж амьдардаг болсон. Орон нутагт ажилладаг төрийн албан хаагчдаа дэмжиж 120 айлын орон сууцны төслийг эхлүүлэн бодит ажил болгож байгаа Ш.Оргил Засаг даргад, мөн түүний ажлын алба, М.Тэмүүлэн даргатай “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ-ын хамт олонд, барилгын ажлыг гүйцэтгэдж байгаа компанийн хамт олонд бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Бас энэ боломжийг олгосон ажлынхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлье.

-Танай байгууллагаас хэдэн хүн энэ байранд орж байгаа вэ?

-Манай хамт олон дотроос би ганцаараа энэ байрны квотод орсон. Д.Ган-Отгон даргадаа, шинжээч эгч н.Анхцэцэг нартаа маш их баярлалаа. Та нарынхаа олгосон боломжийн хүчинд орон сууцтай боллоо. Энэ бол төрийн албанд ялангуяа орон нутагт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдсэн, маш том хөрөнгө оруулалт, маш том дэмжлэг болж байна. Энэ төсөл цаашид улам сайн хэрэгжээд яваасай. Бусад аймаг орон нутагт, сумдынхан бас санаа авч, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. 1000 мянган төрийн албан хаагчид маань өөрийн гэсэн орон сууцтай болоосой гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр давхар баяр тохиолоо. Нээлтийн үйл ажиллагаанд ирээд гал зуухны тавилганы азтан болсондоо маш их баяртай байна.

Монголын бүх хүний зүрхэнд хайр гэрэлтэж, монголын үр сад бүрийн нүүрэнд  инээмсэглэл тодорч явах болтугай. Мөн бүх хүмүүстээ бүгдэд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.     

-Баярлалаа