СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ө.СУВДАА: ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 10 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН 14:00 ЦАГТ ДУУСНА

Төрийн албаны ерөнхий шалгалт 11-р сард зохион байгуулагдах гэж байна. Энэ талаарх ерөнхий мэдээллийг уншигчиддаа хүргэе...

Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журам”-ын дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2 дахь удаагаа Улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Шалгалтын зар Төрийн албаны зөвлөлийн цахим сайтад байршуулагдсан байгаа. 9 дүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. 10-р сарын 08-ны өдрийн 17:30 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 12048 иргэн Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс Сэлэнгэ аймгийн харъяат 353 иргэн байна гэсэн мэдээтэй байна. Энэ ярилцлагыг өгөх болсон бас нэг гол шалтгаан нь Ерөнхий шалгалтад бүртгүүлсэн Сэлэнгэ аймгийн харъяат иргэдийн тоо улсын хэмжээний тоотой харьцуулахад харьцангуй бага байгаатай холбоотой гэж ойлгож болно.  

Ер нь төрийн албаны ерөнхий шалгалтын гол зорилго юу вэ? 

Гол зорилго бол Төрийн албаны тухай хууль, бусад дүрэм, журамд зааснаар төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр иргэд төрийн албанд орохын тулд заавал Төрийн албаны ерөнхий шалгалтанд орсон байх ёстой гэсэн үг. Тиймээс энэ шалгалт бол төрийн албанд байгаа сул орон тоонд ажилд орох хүсэлтэй хүн бүр хамрагдсан байх ёстой шалгалт юм.

Ерөнхий шалгалтанд иргэд хэрхэн яаж бүртгүүлж байна вэ? Орон нутгийн иргэдийг хамруулах талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байна?

Төрийн албаны Зөвлөлийн албан ёсны цахим хуудас болох  csc.gov.mn сайтад ерөнхий шалгалтын бүртгэл хэсэгт хэрхэн бүртгүүлэх талаар заавар нилээд тодорхой байгаа. Төрийн албаны ерөнхий шалгалтад орох иргэд маань  төрийн албан хаагчийн анкет, боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг буюу дипломын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 4x6 хэмжээтэй цээж зураг, шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт, цэргийн алба хаасан тухай баримт бичгийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол энэ тухай нотолсон баримт зэргийг бүрдүүлэх ёстой. Төрийн албаны Зөвлөлийн цахим хуудасны ерөнхий шалгалтын зар хэсэгт нэвтэрч цахимаар бүртгүүлнэ. Энэ бүртгэлийн талаар Сэлэнгэ аймаг дахь Салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газраас цахим хуудсаар дамжуулан иргэдэд Төрийн албаны ерөнхий шалгалтын талаарх мэдээллүүдийг өгч байгаа ч бүртгэл хангалтгүй байна. Иймд бүртгэлд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс сумдын Засаг даргын Тамгын газруудад чиглэл өгөөд байна.  Тиймээс тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон техник тоног төхөөрөмж тухайлбал e-hutuch, иргэний танхимыг ашиглан шалгалтад бүртгүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа тул иргэд маань сумдын Засаг даргын Тамгын газартаа хандаарай гэдгийг энэ дамшрамд хэлье. Бүртгүүлсэн иргэд маань бүртгэгдсэн эсэхээ хянах боломж нь нээлттэй байгаа. Бүртгэгдсэн эсэхээ овог нэр, регистрийн дугаараа хайж болохоос гадна улсын хэмжээнд, аймгийн хэмжээнд, сумын хэмжээнд хэдэн хүн бүртгэгдсэн байна вэ гэдгийгээ шалгах боломжтой.

Шалгалтад бэлтгэгчдэд зориулсан гарын авлагын талаар...?

Төрийн албаны Зөвлөлөөс төрийн албаны шалгалтанд хамрагдах хүмүүст зориулан төрийн албаны шалгалтад бэлтгэх цахим номыг гаргаж үнэ төлбөргүйгээр ашиглах боломжийг бүрдүүлсэн. Мөн цахим хуудсаараа дамжуулан “Төрийн албаны шалгалтанд хамтдаа бэлдье” цэсийг ажиллуулж өдөр бүр 25-35 тестийг байршуулж байна. 10-р сард Төрийн албаны шалгалтын сорил номыг шинэчлэн хэвлэж, Хууль зүйн хүрээлэнгээр дамжуулан борлуулж эхэлсэн. Иргэд маань Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс ном худалдан авах боломжтой. Ер нь төрийн албаны шалгалтад бэлтгэх ном, гарын авлага, материал, мэдээлэл хангалттай гэж үзэж байна.  

Бүртгүүлсэн мэдээллээ засвар хийж, шинэчилж болох уу?

Болно. Цахим бүртгэлийн системд дахин нэвтрэн орж бүртгэлийн хугацаанд регистрийн дугаараас бусад мэдээллээ засварлах, шинэчлэх боломжтой.

Цэргийн алба хаагаагүй ч тоо бүртгэлдээ байнга ордог хүн материалаа яаж бүрдүүлж өгөх вэ?

2008 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд хамаарахгүй. 1990 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс хойш төрөгсдөд цэргийн жинхэнэ алба хаахаар үүрэгжүүлсэн байдаг. Цахим бүртгэлийн анкет хэсэгт цэргийн алба хаасан эсэхээ тийм эсвэл үгүй хариултыг сонгож, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар файлыг хавсаргана.

Жишээлбэл Дарханд шалгалт өгч тэнцээд нөөцөд орсон хүн Эрдэнэтэд тусгай шалгалт өгч болох уу?

Болохгүй. Шалгалт өгсөн (аймаг, нийслэл) газраа төрийн жинхэнэ албаны нөөцөд орно. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журмын 4.1.6-д тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх гэж заасан байдаг тул та сонголтоо өөрөө хийнэ.

Орон нутгийн хаягтай ч Улаанбаатарт шалгалт өгч болох уу?

Болно. Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол журмын 4.1.6-д тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх гэж заасан байдаг тул Та бүртгүүлэхдээ аймаг, нийслэлээ сонгох шаардлагатай.

Ерөнхий шалгалтыг яг хэзээ, ямар хэлбэрээр зохион байгуулах вэ?

Төрийн албаны Зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газраас 10 дугаар сарын  8-ны өдөр орон нутаг дахь Салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэй ерөнхий шалгалтын зохион байгуулалтын талаар цахим хурлыг зохион байгуулсан. Манай аймгийн хувьд Төрийн албаны Зөвлөлийн Салбар Зөвлөлөөс ерөнхий шалгалтыг зохион байгуулах салбар комиссыг томилж, холбогдох техник тоног төхөөрөмж, анги танхим, дүрс бичлэгийн төхөөрөмж, интернет сүлжээний хүчин чадлын судалгааг гарган бэлтгэлийг хангаж байна. Улсын хэмжээнд мөрдөж байгаа хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын үед мөрдөх халдвар хамгааллын дэглэм, ариутгал халдваргүйтгэлийг мөн хэрэгжүүлж ажиллана.

Ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 4-нөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулагдана. Төрийн албаны Зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-д заагдсаны дагуу Төрийн албаны Зөвлөлийн дэргэд шалгалт зохион байгуулах төв комисс, орон нутгуудад Салбар комисс 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Хэлбэрийн хувьд дээрх журмын 7 дугаар зүйлд заасны дагуу ерөнхий мэдлэг, монгол хэл бичгийн чадвар, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг цахим хэлбэрээр танхимаар авч 8 дугаар зүйлд заасны дагуу үнэлнэ.

Хэдэн оноогоор тэнцэх вэ, үнэлгээнд өөрчлөлт орсон уу?

Дээрх журмаар ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шатны шалгалтанд орох эрхтэй бөгөөд Монгол хэл, бичгийн чадварыг 30 хүртэл онооогоор үнэлж, 20 ба түүнээс дээш оноо авсан иргэн дараагийн шалгалтад орно. Дүн шинжилгээ хийх чадварыг 15 хүртэл оногоогоор үнэлж, 10 ба түүнээс дээш оноо авсан иргэн буюу нийлбэр оноогоор 55 ба түүнээс дээш оноо авч байж ерөнхий шалгалтанд тэнцэнэ. Ерөнхий шалгалтын босго оноонд өөрчлөлт оруулахаар тогтоолын төсөлд санал авч байгаа боловч энэ удаагийн Ерөнхий шалгалтын өмнө босго оноонд өөрчлөлт орохооргүй болсон.

Шалгалт өгөх гэж байгаа иргэдэд хандаж юу хэлэх бэ? 

Ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад цөөн хэдхэн хэдэн хоног үлдсэн байна. Тийм учраас та бүхэн эцсийн хугацааг хүлээлгүйгээр яаралтай бүртгэлдээ хамрагдах хэрэгтэй. Мөн шинэ сургууль төгссөн залуучууд, найз нөхөддөө энэ шалгалтын талаар зөвлөж, хэрхэн бүртгүүлэх талаар мэдээллийг түгээж, дэмжлэг үзүүлэхийг хүсье. Анхааруулж хэлэх зүйл бол бүртгэгдсэн иргэд маань шалгалт болох хугацаанаас хоцрох асуудлууд гардаг. Хэрвээ шалгалтын танхимд тогтоосон цагаас 1 минут хоцорсон бол тухайн иргэн шалгалтад орох боломжгүй тул шалгалтанд орохоор бүртгүүлсэн иргэд тогтоосон хугацааг баримтлан ирж хамрагдах нь зүйтэй. Шалгалтын журамд мөн хугацааг заасан байгаа. Тухайн шалгалт өгөх газартаа шалгалт болохоос 30 минутын өмнө ирж, 15 минутын өмнө танхимд байраа эзэлсэн байна гэдгийг анхаарах хэрэгтэй.

Нийт оролцогчиддоо амжилт хүсье.