Сэлэнгэ аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Д.УРАНЧИМЭГ: ШАЛГАЛТАД ОРОЛЦОХООР БҮРТГҮҮЛСЭН БОЛ ОРОЛЦООГОО ХАНГАЖ ЦАГТАА ИРЖ ШАЛГАЛТАДАА ХАМРАГДАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Сэлэнгэ аймагт явагдаж байгаа төрийн албаны шалгалтын хөндлөнгийн ажилагчаар ажиллаж байгаа аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Д.Уранчимэгээс шалгалтын явц байдал, анхаарах зүйлийн талаар тодрууллаа.

Хэрэглэгчдийн эрх ашиг нэн тэргүүн тавигдаж буй энэ цагт эрхээ хамгаалахад нь тэдэнд туслах зорилгоор Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж буй Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцож, шалгалтын зохион байгуулалт, үйл ажиллагаанд хяналт тавьж хөндлөнгийн ажиглагчаар ажиллалаа. Шалгалт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд 3 өдөр явагдлаа. Төрийн албаны Зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газраас шалгалтыг цаг хугацаанд нь чанартай, хяналттай, сайн зохион байгуулж байгаа нь харагдсан. Харин шалгалтад оролцож буй иргэд маань өөрийгөө, биеэ сайн бэлдэж оролцох хэрэгтэй байна. Шалгалтын явцад зүгээр суух, унтах явдал ч ажиглагдлаа. Цаашид анхаарах хэд хэдэн зүйл байна гэж би хувьдаа харлаа.Тухайлбал:

-Шалгалтад орон нутгийн засаг захиргаа ач холбогдол өгч иргэдээ идэвхитэй оролцуулах;

-Иргэд шалгалтад оролцохоор бүртгүүлсэн бол оролцоогоо хангаж цагтаа ирж шалгалтадаа хамрагдах хэрэгтэй байгаа нь сая харагдсан. Маш олон хүн ирсэнгүй. Мөн иргэд төрийн албанд орох гэж байгаа бол хүндэтгэлтэй хандаж, хувцаслалтандаа бас анхаарах нь зүйтэй санагдсанаа хэлье.