Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд 76 хүн тэнцлээ

Төрийн албаны салбар зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь салбар ээлжит төрийн албаны мэргэшлийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
 
Энэ удаа төрийн албаны 50 ажлын байр зарлагдаж, 310 хүн бүртгүүлж, 298 хүн шалгалт өгсөн. Зарлагдсан 50 ажлын байрны 29 нь дэс түшмэл, 21 нь туслах түшмэлийн орон тоо байв. Бүртгүүлсэн 310 иргэнээс дэс түшмэлд 136, туслах түшмэлд 174 хүн бүртгүүлсэн хэдий ч 21 ажлын байран дээр хүн бүртгүүлээгүй байна. Хүн бүртгүүлээгүй дээрх ажлын байрны 11 нь дэс түшмэлийн, 10 нь тусах түшмэлийн орон тоо байлаа. Сорилын шалгалтанд 298 хүн орсноос 100 нь тэнцэж, ур чадварын шалгалтанд 24 хүн нь бүдэрчээ. Энэ удаагийн шалгалтанд нийт 310 хүн бүртгүүлж, 298 хүн оролцож, 76 хүн буюу 25,5 хувь нь тэнцсэн дүнг үзүүллээ. Төрийн албаны шалгалтыг харьяалал харгалзахгүй авдаг болсноор Улаанбаатар, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудаас хүмүүс ирж шалгалт өгсөн. Гаднаас бүртгүүлэн шалгалтанд оролцож байгаа иргэд шалгалтанд тэнцэх л бодолтой ирдэг. Түүнээс биш нэгээр жагсах бодолгүй байна хэмээн Төрийн албаны Сэлэнгэ аймаг дахь салбарын дарга Ө.Сувдаа хэлж байв. Иймээс Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг харьяалалтай болгох нь үр дүнтэй гэдэг саналыг дээш нь хүргүүлээд байна.