Залуу төрийн албан хаагчдын уулзалт, зөвлөгөөн боллоо

 

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн залуу төрийн албан хаагчдын уулзалт, зөвлөгөөн аймгийн төвд болж байна. Энэхүү зөвлөгөөнийг “Сэлэнгэ сайхан нутаг” залуучуудын клуб санаачлан, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
 
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, ЗД-ын орлогч Н.Батдорж, ЗДТГ-ын дарга, аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа болон зөвлөлийн гишүүд, 17 сум, агентлагуудын 35 хүртэлх насны залуу төрийн албан хаагчид оролцлоо. Зөвлөгөөний эхэнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат залуучууддаа мэндчилгээ дэвшүүлэн, хийж байгаа ажилдаа эзэн байх, сэтгэлтэй байх, хэн нэгний үгээр биш өөрөө өөрийнхөөрөө байхыг гол зорилгоо болгон ажил үйлчилгээгээ иргэн хүний төлөө гэсэн чинь сэтгэлээр явуулахыг хүсэж, зөвлөгөөнд амжилт хүслээ. Дараа нь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн ажил үйлсийн тухай Ө.Сувдаа дарга товч танилцуулга хийв. Харин төрийн албан хаагчийн эрх үүрэг, ажлын байрны тодорхойлолт болон бусад төрд ажиллаж байгаа залууст зайлшгүй хэрэг болох чухал сэдвүүдээр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Ц.Баатарсайхан лекц уншиж, оролцогчдын сонирхсон асуултанд хариуллаа.
 
Сэлэнгэ аймгийн төрийн албанд 5801 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 2456 буюу 42,5 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа юм. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 2014 оныг “Төрийн албан хаагчийн ажлын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх жил” болгон зарлаж ажлаа дүгнэсэн бол 2015 оныг “Төрийн албан хаагчийн мэдлэг чадвар, ёс зүйг эрхэмлэх жил” болгон ажил үйлчилгээгээ явуулж байна.
 
Энэ удаагийн төрийн залуу албан хаагчдын уулзалт зөвлөгөөн нь шинэ шинэлэг сэтгэлгээгээр ажиллах, өмнөх үеэсээ суралцаж, ахмад, залуу, хойч үеийн холбоо харилцааг бэхжүүлж, шинэ залуу боловсон хүчнийг төлөвшүүлэх үндсэн гол зорилтыг агуулсан байлаа. Залуу хүний хурц дайчин, шийдэмгий байдал, шинийг хийж бүтээх гэсэн их тэмүүлэл энэхүү зөвлөгөөнөөс хурц үнэртэж байв.