Үе үеийн удирдлагууд болон төрийн албан хаагчдын уулзалт болов

 

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн АДХ болоод ИТХ, аймгийн дарга болоод Засаг даргаар ажиллаж байсан 11 эрхэм уригдан оролцлоо. Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болсон энэхүү анхдагч арга хэмжээнд аймаг, сумдын болон хэлтэс, агентлагуудын төрийн албан хаагчид оролцож, нэр хүндтэй эрхэм дарга нараасаа үнэтэй зөвлөмж, жинхэнэ төрийн төлөө сэтгэл зүрхээ зориулан зүтгэж явсан алтан үеийн дурсамж, харамгүй хайрлах алтан сургаалыг нь сонсож, эрч хүч, төрд зүтгэх итгэл, зоригоор жигүүрлэсэн. Уулзалтын үеэр үе үеийн дарга нар маань тухайн цаг үед гаргаж байсан төрийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, аймгийнхаа онцлогт тохирсон өөр өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байсан тухайгаа, тэр үед өрнөж байсан ололт амжилт, алдаа оноо бүхнийг хүйч үедээ авах гээхийн ухаанаар хандаж, төрийн залгамж халааг төр өөрөө бэлтгэдэг, ажилдаа үнэнч, тууштай, зоригтой, тэвчээртэй хүн төрд жинхэнэ утгаараа шалгаран үлддэг болохыг дурсан ярьсан. Түүнчлэн дадлага туршлагатай хүмүүсээс залуу үеийнхэн байнга суралцаж, төрийн албан хаагчид тогтвортой, шударга ажиллах ёстойг онцолж захисан. Аймагтаа анхлан зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь аймгийн үе үеийн удирдлагуудын залгамж холбоог бэхжүүлсэн, залуу үеийнхэнд үр өгөөжөө өгсөн чухал ач холбогдолтой ажил болж чадсанаараа онцлогтой байлаа. Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан О.Буянтогтох, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан И.Нямбуу, Ж.Норовсамбуу, Ж.Бямбаноров, Ж.Баярмагнай нарыг “Сэлэнгэ аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагнасан. Мөн аймгийн удирдлагуудын зүгээс үе үеийн эрхэм хүндэт дарга нартаа өөрсдийнх нь хайчилбар хөрөг бүхий дурсгалын зүйлийг бэлэг болгон хадгалууллаа.