Бугант тосгоны “Их хөвч” нөхөрлөлийн сийлбэртэй ширээ, ханын цаг шилдгээр шалгарлаа

Бугант тосгоны “Их хөвч” нөхөрлөлийн сийлбэртэй ширээ, ханын цаг шилдгээр шалгарлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдсан байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 20-21-ний өдрүүдэд боллоо. Монгол Улсын 21 аймгийн 800 орчим нөхөрлөлийн гишүүдийг хамруулсан тус чуулганд манай аймгаас 32 нөхөрлөл оролцлоо. II чуулганы эхний өдөр “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж 21 аймгийн нөхөрлөл бүр өөр өөрсдийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байв. Үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүнээр манай аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “Их хөвч” нөхөрлөлийн сийлбэртэй ширээ, ханын цаг шалгарлаа. Сэлэнгэ аймгийн нөхөрлөлүүдийн дэлгэн тавьсан бүх төрлийн ногоо, модны үр хамгийн түрүүнд дууссан нь худалдан авагчдын эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн байж чадсаныг харуулж байлаа. Чуулганы хоёр дахь өдөр байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган төрийн ордонд болж, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил оролцлоо.