Ахмадын хорооны удирдах ажилтны 4-р зөвлөгөөн Шаамар суманд болов

Ахмадын хорооны удирдах ажилтны 4-р зөвлөгөөн Шаамар суманд болов

Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Аймгийн ахмадын хорооны удирдах ажилтнуудын зөвлөгөөн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Шаамар суманд амжилттай боллоо. Зөвлөгөөний эхэнд ахмадууд Шаамар сум дахь “Партизаны хөшөө”-д цэцэг өргөж, эх орныхоо төлөө халуун амь бүлээн цусаа урсган үүрд мөнхөрсөн эр цэргүүддээ хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь шинэчлэгдэн батлагдсан “Ахмад настны тухай” хуулийг орон нутагтаа гардуулан өгч, аймгийн Ахмадын Хорооны гишүүд, Ахмад настнууддаа хуулиа хэрэгжүүлэн ажиллахыг уриалж,  ахмадууддаа амжилт хүслээ. Ирээдүй залуу хойч үедээ хөдөлмөрч, бүтээлч, сайхан үйл хэргээрээ үлгэр дууриал болж яваа Сэлэнгэ аймгийн ахмадууд ийнхүү зөвлөлдөж хийсэн бүтээснээ тайлагнан, цаашид хийх ажил үйлсээ хэлэлцэн нэгэн шийдэлд хүрч байна. Зөвлөгөөний үеэр ахмадууд маань олон шинэлэг, бүтээлч арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Үүний нэг нь Орхон сумын Ахмадын хорооны туршлагаар гэр бүлийн бат бэх байдлыг хангах, үнэ цэнийг дээшлүүлэх зорилготой “Гэр бүлийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа болсон юм. Энэхүү тангараг өргөх ёслолд Сүхбаатар сумын О.Анхболд, Шаамар сумын Г.Отгонпүрэв, Дулаанхаан тосгоны Б.Бүтэмж нарын залуу гэр бүлүүд оролцож, тангараг өргөн аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуягаас батламжаа гардан авлаа. Ахмадууд зөвхөн зөвлөлдөх бус урлаг, спортын тэмцээн уралдаан, дуулах өдөр дуун цэнгүүн өдөрлөг зохион байгуулах зэргээр 3 өдрийг өнгөрөөлөө.  Зөвлөлгөөний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ахмадын хорооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ОХУ-ын Хиагт хотын Ахмадын хорооны дарга Очиров.Ц.Р, Дархан-Уул аймгийн Ахмадын хороны дарга н.Энхтайван, Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар болон сумдын Засаг дарга, аймгийн 5 бүсийн ахмадын хороодын дарга нар оролцлоо.