Сэлэнгэ аймагт нийт 70761 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн байна

Сэлэнгэ аймгийн сонгуулийн хорооноос санал тоолох төхөөрөмжийг цагдаагийн хамгаалалтан дор сумдын сонгуулийн хороодод хүлээлгэн өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн бэлтгэл ажил Сэлэнгэ аймагт хуваарийн дагуу явагдаж байна. 06-р сарын 19-ний өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос санал тоолох төхөөрөмж, саналын хуудсаа авчирчээ. Ингээд 20-ны өдөр уг төхөөрөмжийг сумд болон санал авах байруудад тарааж өгөв. Энэ удаагийн сонгуулиар Сэлэнгэ аймгийн сумдын сонгуулийн хороонд нийт 89 хүн, санал авах байруудад 406 хүн ажиллах юм. Мөн намуудаас сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд буюу шадар туслагч, ухуулагч нарт үнэмлэхийг нь өгсөн байна. Одоогийн байдлаар гурван намын 350 орчим шадар туслах үнэмлэхээ авчээ. Сонгуулийн тухай хуулийн хүрээнд 200 сонгогч тутамд нэг ухуулагч байхаар заасан хуваарьтай аж. Саналын хуудсыг мөн л сонгуулийн тухай хуулиар цагдаагийн хамгаалалтанд байлгаж, 26-ны өдрийг дуусан дуустал хамгаалах ёстой учраас өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт 58 хэсэг дээр нэг нэг буюу нийт 58 цагдаа хамгаалалтанд гарчээ. Аймгийн сонгуулийн хороо нийт 69 санал тоолох төхөөрөмж авчирсан бөгөөд зарим олон сонгогчтой газарт хоёр төхөөрөмж суурилуулах юм байна. Аймгийн хэмжээнд Улсын бүртгэлийн хэлтсийн сонгогчийн бүртгэл хариуцсан итгэмжлэгдсэн 72 ажилтан, мэдээлэл технологийн 75 хүн сургалтанд хамрагдан ажилдаа оржээ.
Сэлэнгэ аймагт нийт 70761 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн байна. Аймгийн Сонгуулийн хорооноос 23, 24-ний өдрүүдэд сумдын санал авах байруудын бэлэн байдлыг шалгах гэнэ. Одоогоор сонгуулийн зардал төсөв дутагдсан зүйл гараагүй, сонгуулийн дараа ажилласан хүмүүсийнхээ хөлсийг олгоно гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга Э.Оюунболд мэдэгдлээ.