ОЮУНЫ ӨМЧИЙН ПАТЕНТ АВАХ БОЛЗЛЫГ ХАНГАСАН СЭЛЭНГИЙН “САЗАМ” ШАРСАН ЗАГАС

Сэлэнгэ аймгийн “Монгол зоог” зоогийн газрын “Сазам” шарсан загас оюуны өмчийн патент авах болзлыг хангажээ. Нийтийн хоолны салбарт томоохонд тооцогддог “Төв, хангайн бүсийн аварга тогооч, зөөгч шалгаруулах уралдаан, сургалт, урлаг, спортын арга хэмжээ” Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан байна. Уг уралдаанд Сэлэнгэ аймгаас 15 сумын 77 нийтийн хоолны салбарын төлөөлөл оролцжээ. Аймаг бүр өөр өөрийн онцлогоо харуулсан бүтээгдэхүүнүүдээрээ оролцсон бөгөөд хүндэтгэлийн зоогийн ширээнд чимэг болсон өнгө үзэмж, амт чанараараа илүү давуу, шинэлэг бүтээгдэхүүн болж чадсан учраас Сэлэнгийн шарсан загас ийнхүү оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүнээр шалгарсан байна. Тус бүтээгдэхүүнийг гардан хийсэн тогооч нь Сүхбаатар сумын “Монгол зоог” зоогийн газрын тогооч Э.Баттөр байв. Ерөнхий технологийг түүний хань хүнсний технологич, Монгол Улсын 1-р зэргийн тогооч Б.Энхцэцэг гаргасан аж. Тус зоогийн газар нь Сүхбаатар суманд үйл ажиллагаагаа явуулаад 10 гаруй жил болж байгаа бөгөөд амт чанар сайтай, төрөл бүрийн хоолоор иргэддээ үйлчилсээр байгаа юм. Сэлэнгэ аймагт байгаа ганц эрэгтэй тогооч гэж хэлж болох Э.Баттөр гарын ур шаардсан олон төрлийн амтат хоол хийж, олон ч уралдаанд оролцон шагнал хүртэж байсан туршлагатай тогооч билээ. Дээрх арга хэмжээ нь хоол үйлдвэрлэгчдийн туршлагаа солилцож, өрсөлдөхөөс гадна хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын олон улсын хөгжлийн хандлага, эрүүл ахуйн зохистой дадал, зочдод үйлчлэх үйлчилгээ, үйлчилгээний төрөл, онцлог,  ширээ засалт, чимэглэл, шинэ техник технологи ажиллагаа, ногоо, сүү цагаан идээ, сүмсний нэр төрөл, шинэ нэр төрлийн сүмс хийх онцлогууд, зохицол гээд маш өргөн мэдлэгийг оролцогчдод өгснөөрөө онцлогтой арга хэмжээ болсон байна.