ЭРТ ЭДҮҮГЭЭГИЙН ТҮҮХИЙГ ОЛОЛТ АМЖИЛТТАЙ НЬ ХАДГАЛСАН ЭНХТАЛЫН ХӨНДИЙ

ЭРТ ЭДҮҮГЭЭГИЙН ТҮҮХИЙГ ОЛОЛТ АМЖИЛТТАЙ НЬ ХАДГАЛСАН ЭНХТАЛЫН ХӨНДИЙ

Эрт эдүүгээгийн түүхийг ололт амжилттай нь хадгалсан Энхталын уужим хөндийд отгон сумдын тоонд ордог Хушаат сум оршдог. БНМАУ гэж байхад байгуулагдсан ч татан буугдаад, дахин байгуулагдсан учир отгон сум гэж нэрлэгдэх болсон тус сум энэ жил дахин байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тэмдэглэнэ. 1987 онд дахин байгуулагдаад 1995 онд одоогийн энэ байршилдаа нүүж ирсэн байдаг. Энэ үе бол улс орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас, зах зээлийн эдийн засагт шилжиж байсан шилжилтийн үе тохиож байсан цаг хугацаа. Эртний түүхтэй Энхталын хөндий үржил шимтэй газар шороотой сэтгэл тэнүүн сайхан нутаг. Энэ л хөрсөнд нүд баясгам гурвалжин будааны цэцэг алаглаж, Орхоны хөвөөнд цагаан будааг туршилтаар тариалж байсан нь тун саяхан. Жилийн жилд ургац алдалгүй тогтмол амжилтыг хадгалж ирсэн онцлогтой газар нутаг. Тиймдээ ч 2016 онд Монгол Улсын хэмжээнд нэгж га талбайгаас хамгийн өндөр ургац хураан түүхэн дээд амжилтыг тогтоосон юм.

Аймгийн төвөөсөө 100 км зайд оршдог, 543 өрхтэй, 1929 хүн амтай, 76484 толгой малтай, 22 мянган га эргэлтийн талбайтай тус сумын үндсэн үйлдвэрлэл бол газар тариалан, мал аж ахуй. Энэ сумын мах, сүүний өндөр ашиг шимт казакын цагаан толгойт үхрийг улс даяараа андахгүй. Казакын цагаан толгойт үхрийг сумандаа нутагшуулж, Сэлэнгэ үүлдрийг бий болгон өсгөж, Хушаат сумын тэргүүн эгнээнд яригддаг брэнд аж ахуй болгож чадсан хөдөлмөрч хүмүүс бол Хушаатчууд.

Шинэ сум болон байгуулагдсан цаг үе шилжилтийн үетэй давхацсан нь сумын хөгжилд нөлөөлж, хийгдэхээр төлөвлөгдсөн бүтээн байгуулалтын ажлууд хойш тавигдаж, хөгжил жаахан хоцрогдмол байдалд хүрсэн ч өнөөдөр сумын цаашдын хөгжил гэрэл гэгээтэй, өргөн дэлгэр боломж бүрдэж байгааг сумын Засаг дарга онцолж байлаа. Үүний нэг илрэл нь Хушаат сум маш сайхан цэлгэр тал дээр оршдог явдал. Энэ нь дөрвөн зүг, найман зовхист тэлж хөгжих бүрэн боломжийг өгч байна. Энэ л давуу талаа ашиглан сумаа хөгжүүлэхийг залуу дарга зорьж явна. Сумын Засаг дарга Б.Атартулга: ”Манай сумын хувьд хуучин барилга байгууламжаа буулгаад, нураагаад дахин төлөвлөлт хийх явдал огт байхгүй. Яг одоо төлөвлөлтийнхөө дагуу зөв хөгжүүлээд явахад манай Хушаат хот, тосгодын дайтай, зөв зохион байгуулалтай сум болох боломжтой. Энэ ч утгаараа цаашдаа шинэ суурин, шинэ сум төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн бүрдсэн. Түүнчлэн Дархан-Уул аймагтай ойрхон, зам гүүр дэд бүтцийн нөхцөл бололцоо сайтай. Бидний цаашдын мөрөөдөл бол асфальтан замтай болох. Хүний хүсэл хязгааргүй. Хушаат суманд маань эрчимжсэн МАА, газар тариалан, өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих бүрэн бололцоо бий” гэлээ.     

           

Түүхэн ойн арга хэмжээ дөхсөн болоод ч тэрүү суманд бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байв. Сумынхаа өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд нутгийн ард иргэд, суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн компаниуд, хүнсний ногоо тариалагчид, иргэд, малчид гээд бүхий л хүмүүс сэтгэл зүтгэлээ шингээн хандив, тусламжаа үзүүлжээ. Эдгээр хүмүүсийн хандивыг зөв зохицстой зарцуулах “Хушаат нутгийн хөгжил” ТББ-ыг ч байгуулсан байна. Хушаатчууд аймаг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 110 сая төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ. Үүнд баяр наадмын талбай барих, морь барианы газрыг тохижуулах, сумын ЗДТГ-ын үүдэнд нэгдсэн төв талбай байгуулах, ёслол хүндэтгэлийн өргөө барих, сумын төвийн зам, гүүрийг засварлах зэрэг ажлууд багтаж. Эдгээр ажлууд аль хэдийн эхэлж баяр наадмын өмнө хүлээлгэн өгөхөөр бүгд л шаргуу ажиллацгааж байна. Үүний зэрэгцээ сумын төв дэх эрчим хүчний шугамыг шинэчлэх, төвийн хэсгийн шугамыг сайжруулах, гудамжны гэрлийг нэмэх, халуун усны барилгын үйл ажиллагааг тогтворжуулж тохижуулах ажлууд ч давхар өрнөж байна. Ойгоо угтаж сумын иргэн бүр өөрийн амьдарч буй хашаа хороо, зам талбайгаа тохижуулах, өнгө үзэмж нэмэх ажлуудыг ч хийгээд эхэлчихэж. Хушаатчууд бүгдээрээ л эрвийх дэрвийхээрээ сумандаа хөдөлмөрлөцгөөж байна.

Сумын удирдлагын баг Хушаат сумын уугуул иргэд, тус суманд амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж байсан иргэдийнхээ төлөөллийг оролцуулсан нутгийн зөвлөлийн салбар зөвлөлийг Улаанбаатар, Дархан-Уул, Сүхбаатар хотод байгуулж, уулзалт зохион байгуулан, хийх ажлаа төлөвлөсөн байна. Эдгээр уулзалтуудаас нутаг орноо гэсэн, баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх олон санал санаачлага гаргасан байна. Анхны Хушаат сум байх үеийн дарга нарын нэг Галсанбалдан гуайн хүүхдүүд азарганы түрүү морьдыг, Занданхүү гуайн ах дүүс соёолонгийн түрүү морьдыг байлахаар болж. Харин сургуулийн төгсөгчид баяр наамдын талбай болон сум орон нутгийн хог хаягдлыг цэвэрлэн, дэг журмын хөтөчөөр ажиллахаар саналаа гаргаж. Төгсөлт бүр 500 мянган төгрөгийн хандив өргөж, үүндээ таарсан урлаг, спортын арга хэмжээг байлахаар болсон байна. Мөн ахмадууд ч хандивын аян өрнүүлж. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн хийж байгаа ажилтайгаа холбогдуулаад, тариаланчид тариалангийнхаа талбайтайгаа зохицолдуулаад, малчид малын тоотойгоо уялдуулаад сумандаа хандив өргөж байгаа юм байна.  

Нутгийн ойн арга хэмжээ 07-р сарын 15-17-ны өдрүүдэд болох юм. Харин сургуулийнх нь ой намар 9-р сарын 9-нд товлогджээ. БСШУЯ-ны сайдын тушаал гарч Д.Сэнгээ гуайн 100 жилийн ойг тэмдэглэх болсон учир энэ арга хэмжээг зохион байгуулахаар сум орон нутгийн зүгээс нутгийн зөвлөлийнхөнтэйгээ ярилцаад байгаа гэнэ. Мэдээж хүн бүр баяр наадам гэхээр морь, бөх хоёрыг л хамгийн түрүүнд боддог. Наадам гэдэг үгийн гол утга учир ч үүнд оршдог. Хушаатчууд ч гол ач холбогдол өгдөг хурдан морины уралдааныг уяачдын хооронд үл ойлголцол гаргалгүй зохион байгуулахаар төлөвлөн, монгол, эрлийз морьдоо тус тусад нь 6 насаар уралдуулахаар болжээ. Бас жороо морьдын уралдаан ч болох юм байна. Зөвхөн сумын ардын авъяастнуудаас бүрдсэн хоёр ч тоглолтыг бэлтгэж байлаа. Хүүхдүүд, өндөр настнууд, төрийн албаныхан, малчид, тариаланчид, ногоочид гээд бүхий л хүмүүс дээрх тоглолтонд оролцож байгааг харах сайхан байсан юм. Сумынхаа түүхийг үлдээх үүднээс байгууллагууд, ахмадуудын хууч яриа дурсамжийг архивжуулах ажил ч хийгдэж байв.
Сумын Засаг дарга Б.Атартулга Засаг даргаар томилогдохдоо ард иргэддээ ил захидал илгээн саналыг нь авч, ирсэн саналуудыг нэгтгэн мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Иргэдийн ихэнх нь элэгдэж муудсан, зай талбай бага байгууллагуудын барилга байгууламжуудыг засаж шинэчлэн өргөтгөх, дэд бүтэц, эрчим хүчний шугамуудыг шинэчлэх, дулааны нэгдсэн шугам сүлжээтэй болох зэрэг ажлуудыг нэн тэргүүнд онцолсон байна. Хушаатчуудын нэг давуу тал бол сумаа 2034 он хүртэл хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөгөө боловсруулан батласан явдал. Тиймээс ч энэ төлөвлөгөөнийхөө дагуу бүх ажлаа төлөвлөж, урт хугацаанаас эхлэн богино хугацаанд хийгдэх ажлуудаа эхлүүлээд байгаа. Сумын Засаг дарга Б.Атартулга: “Бид бүхэн эртний түүхтэй, төрөлх нутгийнхаа дахин байгуулагдсаны ойг тэмдэглэх гэж байна. Энэ үйл ажиллагаанд манай сумын уугуул, суугуул иргэд бүгдээрээ оролцож, орон нутагтаа залуу халуун насандаа ажиллаж, амьдарч, хийж бүтээж явсан ахмадууд тэдний үр хүүхдүүд хүрэлцэн ирж нутгийнхаа ойд өргөн дэлгэр сайхан оролцоорой гэж урья. Нутгийнхаа ойг хамтдаа, бүтээн байгуулалтын их ололттойгоор, баяр баясалтайгаар тэмдэглэхийг Хушаатчууддаа өргөн дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэлээ.

Ардын хувьсгалын үед ч, Богд хаант засгийн үед ч тэр үеийн хошуу гэдгээр байсан. 1931 онд тариалангийн аймаг байгуулагдахад ч Хушаат сум байж л байсан. Ингэж л гурван үеийн түүх яригддаг онцлогтой, олон арван алдартнуудыг төрүүлсэн сайхан нутаг. Эрдэнэвангийн хошууны Засаг ноён эрдэнэ засаг хошой чинван М.Намсрай, Төрийн соёрхолт, зохиолч Д.Сэнгээ нар энэ нутгийнх. Монгол Улсын хэл шинжлэлийн ухааны гавьяат ажилтан, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Л.Болд, БНМАУ-ын гавьяат багш, техникийн ухааны доктор, академич С.Батмөнх гэсэн хоёр ч академчийг төрүүлсэн тал нутаг. Энхталын хөндийгөөс төрөн гарсан төрийн дээд одон медальтай олон алдартнууд бий. Тасаг байх үеэс өнөөдрийг хүртэл газар тариалангийн улсын аваргууд 18-ыг төрүүлжээ. Энэ сайхан тал нутагт Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одонд Д.Пүрвээ гуай, Монгол Улсын гавьяат агрономич Ч.Аюур гуай нар энх тунх амьдарч байна. Т.Батбаатар, О.Баярдалай нарын ахмадуудынхаа халааг авсан залуу аваргууд ч ажиллаж байна. Олноос олноор нэрлэгдэх улс, аймгийн сайн малчид ч хөдөлмөрлөж байна. Эртний түүхт Энхталын хөндийд эрт эдүүгээгийн түүхээ ололт амжилттайгаа бататгасан хөдөлмөрч бүтээлч зон олон хөгжил дэвшлээ бүтээсээр л байна.

Д.Одонтунгалаг