ХАНДИВ ЦУГЛУУЛЖ, ҮР БҮТЭЭЛТЭЙ ЗАРЦУУЛАХ АЖЛЫГ МАНАЙ БАЙГУУЛЛАГА ХИЙЖ БАЙНА

“Хушаат хөгжил сан” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Пүрэвсүрэн:

ХАНДИВ ЦУГЛУУЛЖ, ҮР БҮТЭЭЛТЭЙ ЗАРЦУУЛАХ АЖЛЫГ МАНАЙ БАЙГУУЛЛАГА ХИЙЖ БАЙНА

Бид Хушаат сумынхаа 30 жилийн ойтой холбогдуулан “Хушаат хөгжил сан” ТББ-ыг байгуулсан. Манай байгууллагын гол зорилго нь сумандаа хөрөнгө оруулалт хийж буй хандивыг цуглуулж, үр бүтээлтэй зарцуулах. Миний хувьд энэ байгууллагын удирдах зөвлөлийн гишүүний үүрэгтэйгээр ажиллаж байна. Бид ойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр бүтээн байгуулалтын ажлууд хийх, хөрөнгө санхүү босгох, хандив цуглуулах ажлуудыг нэлээд эрчимтэй явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар сумынхаа ойн баяр наадмыг тэмдэглэх наадмын талбайн ажлыг эхлүүллээ. Энэ ажил маань аймгийн хөрөнгө оруулалтаар 80 сая төгрөгийн өртөгтэйгээр хийгдэж байна.

Мөн ойтой холбоотой ёслол хүндэтгэлийн өргөөг сумандаа барьж байгуулна. Түүнчлэн сумынхаа ЗДТГ-ын үүдний талбайг тэгшилж засаад цементэлж байна. Зам талбай засаж сэлбэх, гудамж талбайгаа өнгөлөх гээд хүн бүр л гар хумхилгүй бүтээн байгуулалтын ажилд оролцож байна. Миний хувьд аймгийн ИТХ-д сумаасаа сонгогдсон төлөөлөгч, тэргүүлэгчийн хувьд орон нутагтаа нэлээд ажлуудыг төлөвлөсөн. Эхний ээлжинд аймгийн хөрөнгө оруулалтаар наадмын талбай, морь барих газар, замын сангийн хөрөнгөөр бирвазаас наашаа сумын төв хүртэлх замыг 20 сая төгрөгийн өртөгөөр засах, сургуулийн дээврийн засварт 9 сая төгрөг тусгуулсан. Эдгээр ажлууд маань сумын 30 жилийн ойн хүрээнд хийгдэж байна.“Хушаат нутгийн хөгжил сан” ТББ-ын бас нэг гол ажил бол хандив тусламжаа цуглуулах. Манайд тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж бий. Ургац өндөр авч байгаа, үйл ажиллагаа нь тогтворжсон газруудаасаа нэгж га-гаас 5000 төгрөг, малчдаасаа нэг хонин толгойд шилжүүлснээр 500 төгрөг, ногоочдоос нэгж га-гаас 50000 гэх мэтээр хандив цуглуулж байна. Сумын иргэд маань тал талаасаа хөрөнгө санхүүгээ нийлүүлээд ойдоо нэмэр хандив өгч байна. Энд ард иргэд, малчид, тариаланчид, ногоочид, өндөр настангууд идэвхитэй оролцож байгаа. Энэ дундаа манайд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд ихээхэн тусламж дэмжлэг үзүүллээ. Тухайлбал “Гацуурт” ХХК 28 сая төгрөг, “Скрин”, “Монгол Ангус” ХХК-иуд нийлээд 28 сая, “Өгөөж Мандал-Уул” ХХК 15 сая, “БНЭХ” компани 9 сая, “Моноагро” 3 сая, “Цэгээн уст” 8 сая гэх мэт. Зарим газрууд хандивандаа бүтээн байгуулалтуудын ажлууд хийж өгч байгаа. “Гацуурт” ХХК гэхэд сумын ЗДТГ-ын өмнөх талбайг цементэлж тохижуулж байна. Бас Улаанбаатар хотын “Тэрхийн оргил” коншракшн 35 сая төгрөгөөр ёслол хүндэтгэлийн өргөөг барьж байна.