Шаамар сумын Засаг дарга М.Баярбаатар: ЗӨВХӨН ДЭЭВРИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ЁСТОЙ БАЙСАН БОЛ ОДОО БАРИЛГЫН ХЭМЖЭЭНД ЯРИГДАХААР БОЛЧИХЛОО

Сум орон нутгийн цаг үеийн ажил байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу. Хадлан тэжээл бэлтгэл, ургац, ногоо хураалт ид явж байна...?

Суманд өвөлжилтийн бэлтгэл ажил нилээд хийгдэж байна. Хадлан тэжээл бэлтгэх, ургац ногоогоо хурааж авах, түлээ түлшх, төр төсвийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл гээд хэвийн үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангахын тулд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ жил манай сум 2000 гаран га талбайд үр тариа тариалсан. Бусад сумаа бодвол манайх үр тариаг харьцангуй бага тариалдаг. Ургацын га-гаас авах хэмжээ 8,5 цн-ээр тогтож байна. Иймээс бид энэ жил 1700-д тн үр тариа хурааж авна гэж төлөвлөж байгаа. Мөн тосны ургамал рапсыг тариалсан. 800-гаад тн рапс хурааж авна. Иргэд маань хадландаа гараад одоо ид бэлтгэж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод жаахан удаашралтай явж байна. Одоогоор иргэд малчид маань хадлангийнхаа 50 гаруй хувийг бэлтгэсэн байгаа. Энэ жил манайх төмс хүнсний ногоог 230 гаруй га-д тариалсан. Үүнээс байгалийн аюулт үзэгдлээс болж 70 гаруй га-гийн ургац алдсан. Ургац хураалтын байдал одоогоор 50 гаруй хувьтай явна. Ер нь энэ жилийн хур тунадас өмнөх жилүүдээс их байгаа учир энэ ажил удаашралтай явж байна. Хэдий ийм боловч энэ байдлыг удирдлага зохион байгуулалтаар ханган хурдлуулж хүйтэн сэрүүн орохоос өмнө ажлаа амжуулахаар ажиллацгааж байна.

Энэ онд танай суманд хэдүй хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж, ямархуу бүтээн байгуулалтыг бий болгов?

2017 онд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 150 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Онцолвол сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийнхээ өнгө үзэмж, орчин нөхцлийг нь сайжруулж, ая тухтай орчинд сурч хүмүүжих боломжийг хангахын тулд 2 цэцэрлэгээ хашаажуулж, гаднах хүүхдийн тоглоомын талбай болон бусад ая тхутай байх орчинг бүрдүүлсэн. Мөн бид Охиндийн 2-р баг дээрээ хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж 33 сая төгрөгийн цогцолборыг барьж хэрэгжүүлэхээр зорьж байна. Сумынхаа хэмжээнд 20 гаруй сая төгрөгөөр гэрэлтүүлгээ сайжрууллаа.  Дулаанхан тосгонд 7 сая төгрөгөөр явган хүний зам хийсэн. Мөн тосгоныхоо цэцэрлэг, сургууль, эмнэлэгт тодорхой хөрөнгө оруулалтуудыг хийгээд байна.

Орон нутгийн хэмжээнд тулгамдсан ямар асуудал байна вэ?

Манай суманд 07-р сарын 11-нд байгалийн онц ноцтой аюулт үзэгдэл болсон. Үүний улмаас 5 байгууллагын дээвэр хуурч, цонх хаалга хагарч гэмтсэн. Ургаа моднууд үндсээрээ сугарч, зарим айл өрхийн тарьсан ногоо урссан. Энэ байдлаа хэвийн нөхцөл байдалд оруулахын тулд бид шат шатны байгууллагат хандсан. Өнгөрсөн 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар манай гамшгийн төсөв хөрөнгийг шийдвэрлэсэн байгаа. Нийтдээ 190-ээд сая төгрөгийн хөрөнгө шийдвэрлэгдэж байгаа. Цэцэрлэг, сургууль, захиргааны эвдрэлд энэ зардал зориулагдана. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ асуудал маш удаж шийдвэрлэгдэж байна. Ингэж удааширч байгаа нь дээрээ ч доороо ч хариуцлага алдаж байгаатай холбоотой. Аймгийн МХГ-ын холбогдох мэргэжилтнүүд дүгнэлт гаргаж өгөх гэж  удлаа. Бид албан тоотоор хандсан хэдий ч энэ дүгнэлтийг саяхан гаргаж өгсөн зэрэг хариуцлагагүй зүйл байна. Ахин дахин хэлэхэд асуудлыг үнэхээр удаан шийдэж байна. Ингэж удааширсны улмаас зөвхөн дээврийн асуудлыг шийдэх ёстой байсан бол одоо барилгын хэмжээнд яригдахаар болтолоо хүндэрч, сумын ЗДТГ үйл ажиллагаа явуулах боломжгүй, үндсэндээ байр маань сүйрлийн ирмэгт тулж ирээд байна. 7-р сарын 11-ээс хойш бороо ч их орлоо. Орох орохдоо их усархаг байдлаар орж байна.