АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ЭЗДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ ЗӨВЛӨЛДӨХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“Ашиг хүртэгч жинхэнэ эздийн мэдээллийн ил тод байдал, мэдээллийн хариуцлагыг сайжруулахад иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлгийг идэвхижүүлэх” сургалт хэлэлцүүлэг боллоо. Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцийн хүрээнд тавигдаж буй шаардлагыг ханган бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн ашиг хүртэгч “жинхэнэ” эздийн мэдээллийн ил тод байдлыг сайжруулахад хэрэгжүүлэх арга замын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, хуулийн дагуу ил тод болгосон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавих ур чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий эл арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн төрийн захиргааны болон иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтаар ашиг хүртэгч гэж хэн бэ. Түүнийг хэрхэн олох. Мөн ашиг хүртэгч эздийг олсон олон улсын туршлага, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ил тод болгож буй мэдээлэл, цаашдын чиг хандлага, энэхүү эздийн мэдээллийг ил тод болгох хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар харилцан хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцлаа. Энэхүү ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод мэдээллэх үйл ажиллагааг шат дараалалтай хэрэгжүүлснээр 2020 он гэхэд бүрэн мэдээлэх боломж бий болох бөгөөд  ашиг ологч жинхэнэ эзэд ил тод болсноор авлига, ашиг сонирхлын зөрчил буурах давуу талтай гэж үзэж байна. Энэ үйл хэрэгт хэвлэл мэдээллийн байгууллага болоод иргэний нийгмийн гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг Хууль тогтоомж, бодлого судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Тэгшбаяр, Д.Эрдэнэчимэг онцолж байлаа. Энэ удаагийн сургалт  хэлэлцүүлэг нь анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгаас ийнхүү эхэлж байгаа юм. Иймээс оролцогчдын хувьд энэ нь анхдагч мэдээлэл бөгөөд цаашид баг болж хамтран ажиллаж чадвал энэхүү “жинхэнэ” эздийн мэдээлэл ил тод болох ажил үр дүнгээ өгөх юм.