АЙМГИЙН ИТХ-ЫН YI ХУРАЛДААН 5 АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Аймгийн ИТХ-ын YI хуралдаан 10-р сарын 27-ны өдөр хуралдаж 5 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Хуралд аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд бүгд оролцож төлөөлөгчдийн асуусан асуулт, тодруулгад хариулт өглөө. Хурлаар:
1.“Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн явцыг хэлэлцэж 81,44 хувийн гүйцэтгэлтэйгээр батлав.
2.“Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцэж баталлаа. Төлөөлөгчид төслийн заалт нэг бүр дээр санал бодлоо хэлж, нэмэлт санал оруулж тун ч нухацтай хэлэлцлээ.
3.Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн орлогын нийт дүнг 70372985921,03 төгрөг, зарлагын нийт дүнг 703447964610,58 төгрөгөөр баталлаа.
4.Мөн аймаг хөгжүүлэх санг татан буулгаж тус сангийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг “Сэлэнгэ орон сууц”ОНӨААТҮГ-т шилжүүлэхээр болов.
5.Энэ удаагийн хурлын хэлэлцэж шийдвэрлэсэн нэг чухал асуудал бол Сэлэнгэ аймаг Монгол Улсын үр тарианы тал хувийг дангаараа хангадаг онцлогтой аймаг учир “Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх бүс нутаг” болгох талаар Засгийн газарт уламжлах санал байлаа.
YI хуралдаанд бүх төлөөлөгчид санал хэлж, асуулт асуусан ч хамгийн их асуулт асууж, санал хэлсэн төлөөлөгчид Мандал сумын Т.Сайнжаргал, Ерөө сумын Х.Мөнгөн, Мандал сумын Ц.Эрдэнэчимэг, Түшиг сумын Ц.Отгонтүйн, Сүхбаатар сумын Б.Орхон, Баянгол сумын Х.Даваахүү, Баруунбүрэн сумын Ж.Наранцэцэг, Цагааннуур сумын Ч.Жаргалсайхан нар байв. Мөн энэ удаагийн хуралдаан өмнөх хуралдаануудтай харьцуулахад хамгийн удаан буюу өглөөний 09 цагаас оройн 21 цаг хүртэл хуралдсан хуралдаан боллоо.