ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АХМАД АЖИЛТАН Ж.САНЖЖАВ ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН ХИАГТЫН РАЙОНЫ “ХҮНДЭТ ИРГЭН” БОЛЛОО

Манай аймагтай найрамдалт хамтын ажиллагаатай газруудын нэг бол ОХУ-ын Буриад улсын Хиагтын район. Өнөөдөр Хиагтын районыхон орос үндэстний эв нэгдлийн баяраа 100 дахь жилдээ тэмдэглэлээ. Тэртээх 1917 оны октябрийн хувьсгалаас хойш өнөөдөр 100 жил болж байна. Улаан, цагаан гэлгүй нэг улс нэгдмэл байр суурьтай болсон баярын өдөр гэж орос хүмүүс хэлж байсан юм. Хиагтын районы төв талбайд албан байгууллагууд жагсаж, дуу бүжиг, хөгжим эгшиглэн, алдартангуудаа тодруулж шагнасан. Баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцлоо.

Энэ үеэр Хиагтын районы “ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдгээр үнэн алдартны болон буддын шашны тэргүүн, ахмад дайчин зэрэг 4 хүн шагнагдсаны нэг нь Сэлэнгэ аймгийн төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Ж.Санжжав байлаа. Ж.Санжжав дарга бол хилийн аймгуудын найрамдалт харилцааг батжин бэхжүүлж, элэгсэг дотно ахан дүүсийн холбоотой байх тал дээр өөрийн хувь нэмрээ оруулсан хүн юм. Тиймээс ч ОХУ-ын Буриад улсын Хиагтын аймгийн удирдлагууд энэхүү хүндтэй шагналаа түүнд гардуулсан бизээ. Хиагт хотын “Хүндэт иргэн”-ээр манай улсын нам төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал гуай тодорч байсныг энэ үеэр дурсан ярьцгааж байв. Харин Хиагтын районы “Хүндэт иргэн” цол тэмдгийг тус районоос 2017 оны 05-р сард шинэчилсэн журам гарган анх удаагаа тодруулсан нь энэ байлаа.