ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАВ

Аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт боллоо. Энэ удаагийн сургалтаар хөдөлмөрийн нөхцөлийг  үнэлэх аргачлал, аж ахуйн нэгж байгууллагууд дээр ХАБЭА-н орон тооны болон орон тооны бус зөвлөлийг хэрхэн ажиллуулах талаар болон ажлын чиг үүрэгтэй холбоотой мэдээллүүдийг олгов. Мөн өнгөрсөн наймдугаар сард батлагдсан ХАБЭА-н үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар чиглэл өглөө. Энэ удаагийн сургалтанд аймгийн 17 сум, 6 тосгоны хөдөлмөрийн аюулгүй байдлын гишүүд, зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд нийт 105 хүн хамрагдлаа. Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа сургалтанд ХНХЯ-ны ХАБЭМТ-ийн захирал М.Даваабат, ХАБЭМТ-ийн ХАБЭА-ын газрын дарга Г.Нямдэжид нар хүрэлцэн ирж мэдээлэл хийж, харилцан ярилцлаа.

Энэ үеэр “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2017” болзолт уралдааныг Сайхан сумын “Цемент шохой” ХК, Сүхбаатар сумын “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, Мандал сумын “Сэлэнгэ Зүүнхараа”ОНӨААТҮГ-ын хамт олон үйл ажиллагаагаараа манлайлж “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдлаа. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 2017 оны шилдэг ажилтан”-аар “Болд төмөр ерөө гол”ХХК-ий ХАБЭА ажилтан Г.Содгэрэл, “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ын инженер У.Цэцэгээ нар шалгарлаа.  

Аймгийн ХАБЭА-ын зөвлөлийн дарга Ө.Сувдаагаас ХАБЭА-н салбар зөвлөлийн өнөөгийн үйл ажиллагааны талаар тодруулсан юм. Тэрээр хэлэхдээ:-“Одоогоор ХАБЭА-н зөвлөлийн гишүүд орон тооны бус ажиллаж байна. Сумдын ХАБЭА-н зөвлөлийн даргаар сумдын ЗДТГ-ын дарга нар ажилладаг. Гишүүдэд нь холбогдох мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, ҮЭ-ийн төлөөлөл зэрэг олон төлөөллийг багтаасан байдаг. Аль болох орон тооны байлгахыг бид хичээж байгаа. Зөвлөлийн гишүүд маань ХАБЭА алдагдахаас урьдчилан сэргийлсэн сургалт сурталчилгааг хийх ажлыг гүйцэтгэдэг. Миний хувьд 2009 оноос энэ ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын дарга ХАБ-ын зөвлөлийг хариуцна гэсэн чиг үүрэг байдаг. Бид тодорхой хэмжээгээр ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа. Тухайлбал ХАБЭА-г эрхэмлэгч байгууллага, мөн энэ ажил албыг хариуцан ажилладаг хүмүүсээ шалгаруулах болзолт уралдааныг явууллаа. Томоохон аж ахуйн нэгжүүдээс Хөтөлийн “Цемент шохой” ХК шалгарлаа. Энэ хамт олон бол аймгийн байтугай улсын хэмжээнд жишээ болохуйц үйлдвэрийн газар. Дунд аж ахуйн нэгжүүдээс  “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ шалгарлаа. Эднийх тодорхой хэмжээнд ажил зохион байгуулаад сүүлийн жилүүдэд ямар нэгэн осол гэмтэл гаргаагүй ажиллахын зэрэгцээ орчинг сайн бүрдүүлсэн байгууллага. Ялангуяа хувцаслалт, нэг бүрийн хамгаалах хэрэгслэлийг сайн хийж чадсан байгаа. Жижиг аж ахуйн нэгжүүдээс Мандал сумын “Сэлэнгэ-Зүүнхараа” ОНӨААТҮГ шалгарлаа. Бид эдгээр байгууллагуудаа улсын хэмжээнд уралдуулахаар материаллыг нь явуулсан. Эдгээр байгууллагууд маань 2017 оны ажлаараа аймагтаа үнэлэгдсэн шигээ бусад аймгуудын ижил төрлийн байгууллагуудтай өрсөлдөх хэмжээний байна гэж үзэж байгаа. Цаашид бид ажлаа улам сайжруулна.  Үүний тулд сум болон аймаг дээрээ сургалтын түшиц бааз суурьтай болох нь зүйтэй. Жишээлэхэд нэг байгууллагаа загвар хэмжээнд аваачаад түүн дээрээ үзүүлэх сургууль хийж болж байна. Ингэх юм бол ХАБЭА-н асуудал бүрэн шийдэгдэнэ гэж бодож байгаа. Жил бүр үйлдвэрлэлийн ослоор амь эрсэдсэн хүмүүсийнхээ дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион байгуулдаг. Үйлдвэрлэлийн ослоос болж манай аймагт найман жилийн хугацаанд 19 хүн амь эрсэдсэн байдаг. Аль болох энэ байдлыг гаргуулахгүйн төлөө бид ажиллаж байна. Энэ асуудлыг хариуцсан хүмүүсээ чадавхжуулж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх юм бол бусдадаа зааж өгөх, сургах ажлыг сайн хийнэ гэж үзсэн. Ингэснээр аймгийн хэмжээнд, сумын хэмжээнд энэ асуудал бүрэн цэгцэрнэ гэдэг үүднээс энэ удаагийн сургалтыг зохион байгууллаа” гэлээ.