МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Сэлэнгэчүүдээ.

Та бүхэндээ учран золгож байгаа шинэ оны гал халуун мэндийг аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Манай ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэ түмэн маань өөр өөрсдийн ажилладаг салбар бүрдээ бахархам сайхан амжилт гаргаж хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгож байна.

Алслан одож байгаа 2017 он бол аймгийн ИТХ, Засаг даргын удирдлагын багаас бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэхээр сонгогч иргэддээ амалсан амлалтаа хэрэгжүүлэх ажил хөдөлмөр, бүтээн байгуулалтын ажлын гарааны жил байснаараа онцлог байлаа.

Монгол улсын хүн амыг эх орны эрүүл аюулгүй хүнсээр хангах эрхэм чухал үүргийг хүлээсэн манай тариаланчид энэ онд улсын нийт үр тарианы 62.6 хувийг, төмсний 26.7  хувийг, хүнсний ногооны 39.7 хувийг  үйлдвэрлэн хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүллээ.

Аж үйлдвэрийн салбарт 361,5 орчим тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2 сая гаруй тонн төмрийн хүдэр экспортлон, аж ахуйн нэгж, бүтээлч иргэдийн хичээл зүтгэлээр улсын төсвийн нэгдсэн санд 11.7 тэрбум төгрөгний татварын орлого хуримтлуулж, аймгийн иргэдийн нийт мөнгөн хадгаламж 73.1 тэрбумд хүрсэн байна.Шинээр 1011 иргэн ажлын байртай болсон байна.

2017 онд Сэлэнгэ аймагт нийт 31.5 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 27.8 тэрбум төгрөгний, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1.6 тэрбум төгрөгний, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2.3 тэрбум төгрөгний, замын сангийн хөрөнгө оруулалтаар 0.9 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийгджээ.

Аймгийн ИТХ өнгөрч буй 2017 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг 4 удаа хуралдуулж 18 асуудал, Тэргүүлэгчдийн хуралдааныг 17 удаа хуралдуулж 162 асуудал хэлэлцэн шийдвэрлэж аймгийнхаа хөгжлийн гарц гаргалгааг томъёолсон бодлогын бичиг баримтуудыг баталлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оны Үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны Үндсэн чиглэл, аймгийн 2018 оны төсөвийг баталсны зэрэгцээ Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослон эрхлэх стратегийн бүс нутаг болгох саналыг МУ-ын Засгийн газарт уламжлан хүргүүлсэн нь аймгийн хөдөө аж ахуй салбарын хөгжлийн бодлогын ирээдүйг цогцоор нь шинэ шатанд гаргаж шийдвэрлэхэд чухал алхамын эхлэл боллоо гэж бид үзэж байна.

Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн бүхий л салбаруудыг жигд хурдацтай хөгжүүлэхэд чиглэгдсэн богино, дунд хугацааны бодлогын 15 хөтөлбөрийг бүрэн эрхийн хугацааны эхний жилд багтаан хэлэлцэн баталж хэрэгжилтийг нь эхэллүүллээ.

Мөн аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдээс батлан гаргасан журам, хөтөлбөр, төлөвлөгөөнүүдийн хэрэгжилт биелэлтийн байдлын талаар холбогдох байгууллага албан тушаалтнуудын илтгэл, мэдээллийг сонсон үнэлэлт дүгнэлт өгч цаашид авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээг тодорхойллоо.

Аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн дээрх баримт бичиг шийдвэрүүд нь аймгийн удирдлагын багаас энэ 4 жилд хийж хэрэгжүүлэх олон ажил арга хэмжээнүүдийг төлөвлөж, төсөөлж эхлүүлэх эрх зүйн болон удирдлага зохион байгуулалтын үндэслэл болж байгаа юм. Одоо бидэнд бүрэн эрхийн үлдэж буй хугацаанд Хурлаас батлан гаргасан хөтөлбөр бодлогуудыг хийж хэрэгжүүлэх ажил үлдлээ.

Тийм ч учраас ирэх 2018 оныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Хурлын тогтоол шийдвэрт, хяналт тавих, хэрэгжилтийг эрчимжүүлэх жил болгох зорилго тавьж байна. 

Ирж буй 2018 он бол Сэлэнгэчүүдийн хувьд алт шиг үнэ цэнэтэй, хором бүрийг нь алдалгүй ашиглах чухал он байх болно.

Ирэх онд улс, аймгийн төсвөөс болон орон нутгийн хөгжлийн сангаас нийтдээ 14.7 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төсөвлөөд байна.

Эрхэм хүндэт Сэлэнгэчүүдээ

Шинэ ондоо бид өмнөх оныхоо ололт амжилтаа бататган аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшил, айл өрх бүрийн амьдрал ахуйг  дэмжиж тэтгэсэн сайн үйлс бүтээхийн төлөө нэгэн санаа нэгдмэл хүчээр улам ихийг бүтээнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

            Хоёр он солигдох мөчид та бүхний хүсэл болгон тань биелэж хүн бүр, инээд хөөртэй, эрүүл энх, элэг бүтэн, өргөө хотлоороо дүүрэн жаргалтай баярлахыг ерөөе.    

             Та бүхэн сайхан баярлаарай.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.БЯМБАА