ЦЭРГИЙН БҮРТГЭЛД ХАМРАГДААГҮЙ БОЛ 100.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Энэ жил Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрхзүйн тухай хууль гэсэн хоёр шинэ хуулийг баталсан. Энэхүү шинэ хуулиар 2017 оны цэргийн бүртгэлийг явуулах юм. Цэргийн бүртгэлийг энэ сарын 2-ноос 15-ны өдрүүдэд зохион байгуулна. 18-50 насны эрэгтэйчүүд цэргийн алба хаасан хаагаагүй өөрийн оршин сууж буй багт дээрээ очиж цэргийн тоо бүртгэлд хамрагдах ёстой.  Мөн бэлтгэл офицерууд 60 нас хүртлээ цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.

Цэргийн бүртгэлийг харъяа багийн Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд өглөө 09:00 цагаас 20:00, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.  

Цэргийн бүртгэлд бүртгүүлэхдээ:

  • Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирнэ.
  • Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэлд хийлгэнэ.
  • Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд мөн бүртгүүлнэ.

Хэрэв заасан хугацаанд бүртгэлээ хийлгэхгүй бол Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгуулна. Иймээс цэргийн насны эрчүүд, цэргийн мэргэжлийн эмэгтэйчүүд дурьдсан хугацаанд бүртгэлдээ хамрагдана уу.