24 ЦАГААР АЖИЛЛАСАН ЖОЛООЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа Сүхбаатар суманд үүссэн гамшгийн үеийн нөхцөл байдалд 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 24 цагаар ажилласан уул уурхайн компани, аж ахуйн нэгж байгууллагуудын хүнд даацын машин механизмын жолооч нарыг хүлээн авч уулзан талархал илэрхийлж, өдрийн зоог барилаа. Аймгийн Засаг дарга Ш.Оргил сэтгэл зүтгэл гаргаж, амрах завгүй ажилласан эдгээр залууст мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэж талархал илэрхийлснийг аймгийн Онцгой комиссын гишүүд гардуулан өглөө.

Энэ үер аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Ц.Ууганаа, Б.Мөнхбаяр нар шагнагдлаа. Сүхбаатар суманд “Болд төмөр ерөө гол” компаниас Ц.Ууганаа, Б.Мөнхбаяр, “Рич Мөнх”ХК-иас Ч.Ганболд, Ч.Батболд, “Хөтөл цемент шохой”ХК-иас А.Орхонбаатар, Ц.Отгонсод, М.Ганбаатар, “Бугант нандин” ХК-иас Х.Батмөрөн, Э.Мандал, Н.Нэргүйбаатар, М.Шинэбаяр нарын жолооч, операторчид ажилласан юм. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас Тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг сайхан монгол үгийн биелэл болгож хүнд хэцүү нөхцөлд техникээ жолооч нартайгаа илгээсэн аж ахуйн нэгж байгууллагууддаа баярлалаа гэдгээ хэлье.