СУМДЫН ТАМГЫН ДАРГА, БАГИЙН ДАРГА НАР ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАЖ, КОМПЬЮТЕРТЭЙ БОЛЛОО

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээний хамгийн эхний нэгж болох багийн Засаг дарга нараа дэмжсэн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Сэлэнгэ аймаг 56 багтай. Үүнээс 6 нь баг, тосгон гэсэн давхар нэршилтэй. Багуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, хөгжүүлэх үүднээс аймгийн ЗДТГ-аас “Багийн хөгжил” хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, тосгодын захирагч нарт суурин шинэ компьютер, багийн Засаг дарга нарт Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөөврийн компьютерийг тус тус албан хэрэгцээнд нь дэмжлэг болгож хүлээлгэн өглөө.

Мөн сумдын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нарыг эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрууллаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил иргэнээ гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахыг онцгойлон тодотгов. Мөн шинэ шинэлэг ажил үйлчилгээг сэргэгээр мэдэрч хэрэгжүүлэхийг зорьж байгаа хэнийг ч болов дэмжинэ гэдгээ илэрхийллээ.