ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ “ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТАНХИМ” ШИНЭЭР АШИГЛАЛТАНД ОРЛОО

Өнөөдөр аймгийн төв Сүхаатар сумын ЗДТГ-ын байранд хууль зүйн туслалцааны “Иргэдэд үйлчлэх танхим” шинээр ашиглалтанд орж нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Л.Энхсайхан, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц нарын албаны хүмүүс, хуулийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Өнгөрөгч 04 дүгээр сард аймгийн Засаг даргын Тамгын газар “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд аймгийн Засаг даргаас төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй энэ онд, ирэх он жилүүдэд хамтран ажиллах гэрээг үзэглэсэн нь эхнээсээ бодитойгоор хэрэгжиж байгаагийн нэг нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Хууль зүйн туслалцааны төв манай аймагт 21 аймгаас анхлан “Иргэдэд үйлчлэх танхим”-ыг шинээр тохижуулан байгуулж байгаа үйл явдал юм.

Энэхүү танхим ашиглалтанд орсноор Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөр, нийт  иргэдэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зорилтууд хэрэгжинэ.

Мөн нөгөөтэйгүүр иргэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө үйлчилгээг тав тухтай орчноос авах боломж бүрдэж байна. Нээлтийн арга хэмжээний үеэр Хууль зүйн туслалцааны төвөөс “Иргэдэд үйлчлэх танхим”-ын албан хэрэгцээнд зориулж  компьютер, принтер, проекторыг гардуулан өглөө.

Хууль зүйн туслалцааны төвийн “Иргэдэд үйлчлэх танхим”-аар иргэд та бүхнийг өргөнөөр үйлчлүүлж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авахыг урьж байна.