ШАГНАЛЫН ХУРТАЙ БАГШ НАРЫН БАЯР

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн боловсролын салбарынхан дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

Аймгийн 17 сумын төлөөлөл багш, ажилчдыг хамруулсан "Багшийн хөгжил 2018" баярын хурал АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд амжилттай болж өндөрлөлөө.

Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Хурлын арга хэмжээний үеэр хүүхэд багачууддаа эрдэм мэдлэг түгээх их үйл хэрэгтээ амжилт гаргаж үр бүтээлтэй ажиллаж явааа багш, ажилчид төр засаг, аймаг, орон нутгийн шагналаар шагнагдаж жинхэнэ утгаараа шагналын хур буулаа. Сэлэнгэ аймаг 2018-2019 оны хичээлийн шинэ жилд боловсролын чанарыг ахиулах эрхэм зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү эрхэм зорилгодоо хүрч амжилт бүтээл дүүрэн ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нийт багш нартаа хүсч, элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авсан хоёр сурагчийг бэлтгэсэн Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн багш Д.Чимгээ, Сайхан сумын Номгон тосгоны сургуулийн багш С.Март, 2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан багш нарын төрөлжсөн хичээлийн Улсын олимпиадад амжилттай оролцож хошой алтан медаль хүртсэн багш М.Баасанхүү нарт аймгийн Засаг даргаас олгож буй 500,000 төгрөгийн батламжийг гардуулан өглөө. Аймгийн удирдлагын баг элсэлтийн ерөнхий шалгалтандаа 800 оноо авсан сурагч нэг бүрийг тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулан сурах их үйлсэд нь дэм өгч байгаа. Харин бэлтгэсэн багш нарыг нь 500,000 төгрөгөөр урамшуулж байсныг энэ хичээлийн жилээс 1 сая төгрөг болгон ахиулахаар болсныг Б.Нарантуяа дарга онцлон тэмдэглэлээ. Ийнхүү сурах, сургах үйлсдээ амжилт гаргасан багш сурагчдыг хэнийг ч болов аймгийн зүгээс тогтмол урамшуулж байхаар болоод байна.

Жил бүрийн багш нарын баяраар сурган хүмүүжүүлэх ажил үйлсдээ амжилт гаргаж, шинэ залуу багш нарыг бэлтгэн, олон сайхан шавь нараараа хүрээлүүлсэн ахмад багш нар аймгийн БСУГ-ын “Хүндэт дэвтэр”-т нэрээ мөнхөлж, батламжаа гардан авдаг уламжлалтай.

Дэлхийн багш нарын 24, Монголын багш нарын 52 дахь өдөр Сүхбаатар сумын Улсын тэргүүний 2 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер н.Түмэндэмбэрэл, Улсын тэргүүний 4 дүгээр сургуулийн түүх нийгмийн багш н.Гэлэгмаа, Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн дизайн технологийн багш Д.Төртөвшин нар “Хүндэт дэвтэр”-т нэрээ мөнхөлж, батламжаа гардан авлаа.

Энэ өдөр “Боловсролыг дэмжигч шилдэг Засаг дарга”-аар сумынхаа боловсролын салбарт 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн Түшиг сумын Засаг дарга Ц.Отгонтүйн, боловсролыг дэмжигч байгууллагаар орчин үеийн стандартын дагуу бөхийн дэвжээ байгуулж, Сэлэнгэ нутгийн нэрийг тодотгосон олон арван өсвөрийн тамирчдыг бэлтгэх үйл хэрэгт амжилт гаргаж яваа “Шинэ бадрах”ХХК-ийг тодруулан шагналыг нь гардуулан өглөө.

Сэлэнгэ нутгийнхаа нийт багш нартаа сургаж хүмүүжүүлэх, хүүхэд багачуудынхаа сурах үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.