БАЙГАЛЬ СУРГАЛТЫН ТӨВ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын санаачлагаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Байгаль сургалтын төв” үүдээ нээж, хүүхдүүдээ хүлээж авлаа.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, төсөл хэрэгжиж буй Сүхбаатар сумын 3-р сургуулийн захирал Л.Уянга, 4-р сургуулийн захирал Н.Энхтөр, Тогтвортой хөгжлийн боловсрол төвийн мэргэжилтнүүд болон сурагчдын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, БСУСЯ, БОАЖЯ-ны хамтарсан санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол-2030” төсөл Сэлэнгэ аймагт амжилттай хэрэгжиж байгаа. Сүхбаатар сумын 4-р сургууль “Дугуйтай Сэлэнгэ”, Сүхбаатар сумын 3-р сургууль “Нарлаг сургууль” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү байгаль сургалтын хотхон нь танхимын бус үйл ажиллагааг байгальд зохион байгуулан явуулахаараа онцлогтой.

Хүүхдүүд харилцан суралцах, биентэйгээ зөвлөлдөх, чадавхжих, дадлагажих, туршлагажих арга хэлбэрээр үйл ажиллагаа нь явагдана. Тус хотхон  тогтвортой хөгжлийн боловсролын зорилтоо хүүхдүүдэд танин мэдүүлэх, Сэлэнгэ аймгийн брэнд болсон зөгийн аж ахуйгаа хэрхэн яаж хөгжүүлж буйг таниулах, монгол өв уламжлал, наадгай, ёс заншлаа хэрхэн авч ирсэн түүхэн замналаа сурталчлах, цаашлаад эрүүл мэндийн боловсрол олгох, ногоон төгөл гэсэн дөрвөн өртөөтэй юм.

Тус үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа:-“Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөр манай аймагт ийм сайхан бүтээн байгуулалт хийгдэж, нээлтээ хийж байгаад баяртай байна. Өнөөдөр Монгол хүүхдийг монгол орчин, монгол ахуйд сурч хөгжих, боловсроход энэ төсөл маш ач холбогдолтой гэж үзэж байна.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төвийн захирал н.Амгаланд танд талархалаа илэрхийлье. Сүхбаатар сумын 3, 4-р сургуулиуд дээр энэхүү төслийн хүрээнд “Дугуйтай Сэлэнгэ”, “Нарлаг сургууль” ухаалаг хэрэглээ төслүүд амжилттай хэрэгжээд явж байна. Эдгээр сургуулиуд маань төслийн хүрээнд олон нийтийг хамарсан, эрүүл орчинд амьдарч сурч хөдөлмөрлөх, эрүүл хөдөлгөөнд уриалан дуудсан арга хэмжээнүүдийг явуулж байна. 3-р сургууль  гэхэд тог цахилгааныг хэмнэсэн, хүүхдүүдийн эрүүл сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн сайхан төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр нэг зүйлийг онцолж баяр хүргэмээр байна. П.Оюун даргатай ГБХЗХГ-ын хамт олон цөөхүүлээ гэхгүй, голдуу эмэгтэйчүүд гэхгүй энэ сайхан төвөө нээлээ. Танай хамт олон, төслийн багийнханд аймгийн Засаг даргын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, Сэлэнгэ нутгийн нийт хүүхдүүдийн өмнөөс маш их баярлаж байгаагаа илэрхийлье. Хүүхдүүд маань хавар, намрын улиралд байгаль шинжлэлийн хичээлээ, хэл бичгийн хичээлээ, эрүүл мэндийн хичээлээ энэ сайхан орчиндоо орох боломж бүрдлээ. Өртөөчилсөн байдлаар явж байгаа энэ сургалт маань хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсролыг, монгол ахуй, ёс заншлыг, байгаль дэлхийгээ хамгаалах ногоон орчин, орон нутгийнхаа брэнд болсон аж ахуйг сурталчлах, танин мэдэхүйг нь өргөжүүлэхэд онцгой чухал ач холбогдлоо өгөхөөр болжээ. Цаашдаа төслийн үр дүнд бий болсон төвөө бид аймаг, сум, орон нутгийн төсөвтөө үргэлжүүлэн суулгаад жинхэнэ утгаар нь хөгжүүлээд авч явна аа” хэмэн хэллээ.

“Тогтвортой хөгжлийн боловсрол” төвийн мэргэжилтэн н.Ёндонжамц:-“Тогтвортой хөгжлийн боловсрол төвийн захирал н.Амгалан захирлын нэрийн өмнөөс та бүхэнд мэнд хүргэж, амжилт хүсье. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, түүний ЗДТГ-тай 2016 оноос тогтвортой хөгжлийн боловсрол төсөл хамтран ажиллаж ирсэн. Энэ маань нэгэн том үр дүн, нэгэн том бүтээн байгуулалт болж байгаад баяртай байна. Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл 2016 оноос хойш давхардсан тоогоор нийт 500 гаруй багш, 2300 гаруй сурагчдад тогтвортой хөгжлийн боловсрол, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаар сургалтуудыг явуулсан байдаг. Энэ олон багш, хүүхдүүдийн маш их хөдөлмөрийн үр шимээр өнөөдөр энэ байгаль дахь сургалтын төв үүдээ нээж байна. Дугуй бол эрүүл мэндэд тустай. Ингээд хүүхдүүдээр дамжуулаад байгальд ээлтэй, байгалиа хамгаалсан, эко маш олон зүйлийг түгээн дэлгэрүүлж байгаасай гэж ерөөе” хэмээн хэллээ.