ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Манай аймагт Дархан-Уул, Орхон, Төв, Хөвсгөл, Булган аймгуудыг хамруулсан “Үндэсний болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлт, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх нь” төвийн бүсийн сургалт амжилттай болж өндөрлөлөө. Сургалтыг аймгийн ЗДТГ, Жендэрийн үндэсний хороо, Азийн хөгжлийн банк хамтран зохион байгуулав.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр жендэрийн тэгш байдлыг дэмжих “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн жишиг хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх 2 аймгийн нэг нь манай аймаг. Аймгийн зүгээс энэхүү хөтөлбөрийг иргэний нийгмийн байгууллагуудын холбоогоор дамжуулан Сэлэнгэ аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ, үнэлгээг гаргаж тэрхүү үнэлгээнд үндэслэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг боловсруулаад байна. Манай аймгийн хөтөлбөрийн зорилго Сэлэнгэ аймгийн хөгжлийг эмэгтэй эрэгтэй хүмүүсийн, нийгмийн бүлгүүдийн, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжил дэх идэвхитэй оролцоонд суурилсан жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтөөр дэмжихэд оршиж байгаа юм.

Төвийн бүсийн энэ удаагийн сургалт Сэлэнгэ аймгийн хөтөлбөрийн онцлог давуу талаас туршлага судалж танилцах, орон нутагтаа жендэрийн асуудлыг хэрхэн бодлого болгон боловсруулж хэрэгжүүлэхэд чиглэгдэж, аймгууд харилцан туршлага судаллаа.