НАРЛАГ СУРГУУЛЬ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ийн III сургуулийн хамт олон аймагтаа анх удаа сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан болон халуун усныхаа асуудлыг шийдэж эхэллээ. Энэ хамт олон үнэтэй тог зарахгүйгээр гэрэлтүүлэгтэй болж, бас мөнгө үрэхгүйгээр халуун усныхаа асуудлыг шийджээ.

Тус сургуулийн энэхүү аймагтаа төдийгүй улсдаа анхдагч болж буй шинэлэг үйл ажиллагааны эх үүсвэр нь “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл юм. Сургуулийн захирал Л.Уянга энэхүү тогтвортой хөгжлийн боловсрол-2030 төслийн сургалтанд хамрагдаж, төслийн уралдаанд оролцон сургууль нь шалгарснаар энэхүү төсөл хэрэгжих болсон байна. Улмаар төсөлдөө “Нарлаг сургууль” хэмээн нэр өгчээ. Цахилгаан эрчим хүч хэмнэх, хүүхдүүдийг зөв боловсон амьдрах, амьдралд сургах, эко орчны боловсрол олгоход энэхүү төсөл маш ач холбогдлоо өгч байна. Төслийн шугамаар нарны зайн фанайлууд ашиглан сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж байгаа гэнэ. Үүгээрээ гадаа гэрэлтүүлгээ шийдсэн байна. Мөн эрчим хүчний зөөврийн цахилгаан станцтай болжээ. Тус хамт олон энэхүү сэргээгдэх эрчим хүчнийхээ толийг сургуулийнхаа дээвэр дээр суурилуулсан байлаа. Цэнэг хураагуур, цэнэглэгч гээд бүх төхөөрөмжөө бэлэн байдалд байрлуулсан байна. Эдгээр ажлуудаа төслийн эхний санхүүжилтээр хийж гүйцэтгэжээ. Харин дараагийн санхүүжилт орж ирэхээр гадна талын зориулалтуудын гэрэлтүүлгээ авч тавих гэнэ. Мөн хүүхдүүдийнхээ эрүүл таатай орчинг бүрдүүлж, хөдөлгөөний дутаглдаас сэргийлэх үүднээс үүднийхээ зааланд гурван ширхэг фитнес дугуй авч тавихаар төлөвлөжээ. Энэ дугуй зүгээр нэг жийдэг дугуй биш, жийх бүрд цахилгаан цэнэг хуримтлагдаж, тог гаргаж байх үүрэгтэй юм байна. Дугуй жийж цэнэг хуримлагдах бүрт биеийн тамирын заалны шүршүүрийн ус халж, халуун усаа шийдэх ажээ.

Энэ бүхний тусламжтайгаар тус сургууль цахилгаан эрчим хүч худалдаж авахгүйгээр, нарны энергээр тог гаргаж, усаа халаах боломжтой болж байгаа билээ.

Энэ талаар сургуулийн захирал Л.Уянга:”-Манай сургуулийн хүүхдүүд өөрсдөө энэ сургалтанд хамрагдаад хүүхдүүддээ сургалт явуулж байгаа. Хүүхдүүд өөрсдөө сургууль сард хичнээн квт цахилгаан хэрэглэдэг тооцоогоо гаргасан. Мөн гэртээ тог цахилгааныг хэрхэн хямгадаж болох талаар мэдлэгтэй болсон. Манай хүүхдүүд энд тэнд асаалтай байгаа тогийг унтраадаг болсон. Цахилгаан эрчим хүч хэмнэх талаар маш их мэдлэгтэй болж байна. Төслийн багш XI ангийн 10 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүд маань бүх хүүхдүүдэд сургалт явуулж байна. Эхлээд аймгийн төвийн хүүхдүүдэд энэ талаар сургалт явуулна. Цаашлаад бүх сумдадаа хүрч мэдлэгээ түгээнэ. Энэ ажил зөвхөн төслийн хүрээнд хийгдээд зогсохгүй. Бид цааш нь үргэлжлүүлээд өөрсдөө аваад явна. Бидний энэ төслийн шугамаар авсан төхөөрөмж 10-20 жилийн баталгаатай, цаашид дахин цэнэглүүлээд хэрэглэх бүрэн боломжтой. Манайд хэрэгжиж байгаа энэ төсөл ач холбогдол маш өндөртэй. Тогтвортой хөгжлийн боловсрол гэдэгтээ сайн уялдаж, бүх хичээлүүдтэй холбоотой явагдана. Тухайлбал хүүхдүүд төслийн танилцуулгаа англи хэл дээр явуулах учраас хэл нь сайжирна, физик, хими, математик, технологи гээд бүх хичээлтэй холбоотой. Мөн хүүхдүүд, багш, ажилчин хэн дуртай нь дугуй жийгээд цэнэгээ хуримтлуулаад байх боломжтой” гэлээ.

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн байгууллагаас тус сургууль дээр стем сургалт явуулсан байна. Энэхүү сургалт нь одоогоор бага боловсролд хэрэгжиж байгаа боловч тус сургуулийн хувьд дунд, ахлах ангид хэрэгжих боломжтой болж буйгаараа онцлог давуу гэнэ. Тус стем сургалтын хэрэглэгдэхүүнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа авч өгсөнд сургуулийн хамт олон ихэд талархаж байгаагаа илэрхийллээ. Стем боловсрол гэдэг нь хүүхдүүд хийх зүйлээ яг гардан үйлдвэр дээр хийамйг хэлж байгаа аж. Сургуулийн удирдлагын зүгээс хичээлийнхээ байранд нарны зайн хураагуураа ашиглаад өвөл, зуны хүлэмж хийхээр төлөвлөж, түүнийгээ тойруулан эрт галавын үеийн зураг бүхий эко орчин бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Нарлаг сургууль төслийн удирдагч багшаар сургалтын менежер Н.Тэгш-Ариун, гишүүдэд ТНУ багш Л.Олонтүмэн, химийн багш Г.Амарсанаа, сурагчдын багт 10б ангийн сурагч Б.Ижилцэцэг, Б.Ихэрцэцэг, н.Хонгорзул, 10а ангийн сурагч н.Анхилуунцэцэг, н.Оюун-Эрдэнэ, н.Ганчимэг, н.Түвшинжаргал, 9а ангийн сурагч Ж.Гансүрэн, н.Батцэцэг, н.Мөнхжаргал нар ажиллаж байна.

ШУТИС-ийн багш, доктор, профессор н.Эрдэнэцэцэг тус сургууль дээр ирж “Эрчим хүчний хэрэглээ, түүнийг тооцох, хэмнэх аргачлал” сургалтыг зохион байгуулснаар төслийн багийнхан ихээхэн мэдлэг хуримтлуулж авчээ. Энэхүү олж авсан мэдлэгээ ашиглан сурагчид, удирдагч багшийнхаа хамтаар өөрийн сургуулийн эрчим хүч болон усны хэрэглээний тооцоо, судалгааг хийж, эндээс уг хэрэглээг хэрхэн хэмнэж болох тооцоог гаргасан байна. Төслийн багийнхан төлөвлөгөөний дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багт орших 10мвт нарны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн инженерүүдээс заавар зөвлөгөөг ч авчээ. Мөн тэд Улаанбаатар хот орж нарны зай хураагуурын тоног төхөөрөмжийн хүчин чадал болон үнийн судалгааг хийн, “Мөнх дэвжих буян” ХХК-тай гэрээ байгуулан 3000W станцыг худалдан авсан байна. Энэхүү станцад хувьсагч 48V/3000W, батарей 48V/100ah/5180wh/, толь 8 ширхэг 36V/285W/, дөрвөн цаг, бусад холболтын хэрэгсэл, суурь зэрэг төхөөрөмж багтсан байна.