НОМТ ЗАСТАВТ 8 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хил хамгаалах байгууллагын үйл ажиллагаа, хилчдийн ахуй нөхцлийг дэмжих зорилт туссаны дагуу УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил нарын мөнгөн дэмжлэг,  “Сэлэнгэ АЗЗА” ОНӨААТҮГ, “Сэлэнгэ Титан”ХХК, “Халиун Уул”ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгцээт эд материалын дэмжлэгтэйгээр Х.Дамдинсүрэн захирагчтай хилийн 0243 дугаар ангийн Номт заставт 8 айлын орон сууц ашиглалтанд орлоо.

Төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон энэхүү орон сууцыг 0243-р ангийн Барилга хангамжийн алба өөрсдийн дотоод хүчээрээ барьсан бөгөөд нам даралтын зуухаар халдаг ажээ.

Барилгын ажилд ажилласан хугацаат цэргийн албан хаагчдыг ар гэрийн чөлөөгөөр, офицер ахлагчийг мөнгөн урамшууллаар урамшуулсан байна.  

Аймгийн Засаг даргын зүгээс шинэ байранд орж байгаа 8 айлд аяга тавагны иж бүрдлийг тавгийн чихрийн хамт гарын бэлэг болгож өглөө. Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнч офицер, ахлагч нар ар гэртээ санаа зоволтгүй хилээ хамгаалж, хилчдийн ар гэр ая тухтай нөхцөлд амьдрах боломж бүрдлээ.