АЙМГИЙН АХМАДЫН ХОРООГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

Улс эх орон, Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулж яваа үе үеийн ахмадуудынхаа итгэлийг өвөрлөж, тэдэнд чиглэсэн олон талт ажил үйлчилгээг амжилттай зохион байгуулж яваа Р.Ганхуяг даргатай аймгийн Ахмадын хороо Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа.

Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо нь аймгийнхаа 12657 ахмадын эрх ашгийг хамгаалж, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх, аймаг, орон нутгийн ажил амьдралд ахмадуудыг өргөнөөр оролцуулж арвин баялаг туршлагыг нь залуу хойч үедээ өвлүүлэх, уулзалт өдөрлөгүүдэд ахмадын оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг билээ. Ахмадууддаа зориулсан энэхүү олон талт үйл ажиллагааг зохион байгуулахад аймгийн удирдлагын баг бүх талаар дэмжлэг туслалцааг үзүүлэн ажиллаж байна.

Тиймдээ ч Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо 2015, 2016 онуудад ажлаараа Улсдаа тэргүүлж, 2017 онд Улсын тэргүүний шилдгийн шилдэг Ахмадын байгууллагаар шалгарсан амжилтыг үзүүлээд байгаа. Энэ сарын 6-ны өдөр Баянгол суманд Ахмадын хорооны IX бага хурал болж энэ үеэр тус суманд “Ахмадын өргөө” шинэхэн өргөө үүдээ нээж ахмад настнаа хүлээн авахад бэлэн болсон нь баяр дээр баяр нэмсэн сайхан үйл ажиллагаа боллоо.