МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЦ, ТАРИАЛАНЧИДЫН БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутаг болох манай аймгийн Баянгол, Ерөө, Хүдэр сумдын намрын ургац хураалтын явцтай танилцаж тариаланчидтай уулзан санал бодлыг нь сонслоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хавар тариалалтын үеэр мөн манай аймагт ажиллаж байсан. Харин одоо хаврын тариалалтын үр дүн, цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай танилцаж, зохих шийдлийг гаргахаар ийнхүү орон нутагт ажиллав.

Манай аймгийн хэмжээнд энэ жил 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 305.5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж газар тариалангийн үйлдвэрлэл явуулж байгаа. Жилд дунджаар 180 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 гаруй мян.га-д уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашигладаг. Ургац хураалт 46 хувьтай явагдаж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж аймгийн хэмжээнд ургац хураалт хоцорч байгаа ч тариаланчид маань дор бүрнээ хичээл зүтгэл гаргаж ургацаа 100 хувь хураан авахаар ажиллаж байна.

Аймгийн хувьд ургац хураалтын энэ цаг үе цаашлаад 4 цагийн эргэлтэнд байнгын яригддаг нэг асуудал бол 4 сумыг дамнасан "Будааны зам" хэмээх тодотголтой 110 гаруй км шороон зам. Тариаланчдын будаа, тариа, ногоогоо тээвэрлэдэг энэ замыг засмал болгочихвол олон мянган ногоочин, тариаланч, өрхийн аж ахуй эрхлэгчдэд том дэмжлэг болно гэдгийг нутгийн иргэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хэллээ.

Аймгийн зүгээс Сэлэнгэ аймгийн нэрийг тодорхойлсон шинэ сортын үртэй болох бодлогын хүрээнд Хушаат сумын “Элит үр” компанитай хамтран ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн хувьд 17 сумын 16 нь тариалангийн бүс нутагт багтсан. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжүүлсэн мал аж ахуйд шилжих, тариалангийн талбайнуудаа хашаажуулах, малчид тариаланчдын зохицлыг хангах зэрэг ажлыг хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улсын 3 сая гаруй хүн амыг эрүүл хүнсээр хангах үндэс суурь болсон газар тариалан, мал аж ахуйн салбарыг зохистой бодлоготойгоор хөгжүүлэхийг Засгийн газар гол зорилгоо болгон ажиллаж байгаагааг Ерөнхий сайд тодотгож байв. Тариаланчидын зүгээс газар тариалангийн бүс нутаг дахь малчид, тариаланчидын хооронд үүсдэг асуудлыг шийдэх, тариалангийн талбайг хашаажуулах, хөрсөө хамгаалах зэрэг тулгамдсан асуудлууд байгааг уламжиллаа.