“ҮЗЭСГЭЛЭНТ СЭЛЭНГЭ” ГАР УРЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Аймгийн ЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөртэй хамтран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, аймаг орон нутгийн үзэсгэлэнт газар нутаг, сонин сайхан зүйлсийг гадаад, дотоодын аялагч жуулчид, хүн ардад таниулан сурталчлах, шинэ зах зээл бий болгох зорилгоор “Үзэсгэлэнт Сэлэнгэ” гар урлалын бүтээгдэхүүний уралдааныг аймгийн хэмжээнд зарлаж өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа.

Шилдэг бүтээлийн эздэд шагналыг аймгийн Засаг дарга Ш.Оргил, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Карин Райнпрехт нар гардуулан өглөө. “Үзэсгэлэнт Сэлэнгэ” гар урлалын бүтээгдэхүүний “МОДОН ЭДЛЭЛ”-ийн төрөлд тэргүүн байрыг С.Болдбаатар захиралтай “Хөвчит нум”ХХК, удаах байрт Б.Энхболд, Б.Ганболд, “ЧУЛУУ, ТӨМӨР ЭДЛЭЛ”-ийн төрөлд тэргүүн байрт Л.Баттөмөр, удаах байрт Ц.Цогтжаргал, Гончигсүрэн, “АРЬС, ЭСГИЙ, ДААВУУ ЭДЛЭЛ”-ийн төрөлд тэргүүн байрыг Б.Лхамаа, удаах байрт Ч.Батдорж, Л.Ганбаатар захиралтай “Шилмэл эсгий”ХХК шалгарлаа.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрөөс тэргүүн байрын эздэд 1 сая, хоёрдугаар байрт 700.000, гуравдугаар байрт 500.000 төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичиг, бүх шагнагдсан хүмүүсийг 360.000 төгрөгний төлбөртэй сургалтад үнэ төлбөргүй суух эрхээр шагналаа.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил  энэхүү сургалтыг аймагтаа зохион байгуулж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ зардалыг хэмнэх хүсэлтээ илэрхийлснийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал хатагтай Карин Райнпрехт хүлээн авсан юм.