ТӨРИЙН АЛБАНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН”-ИЙ ОРОЛЦОГЧДООС УЛС ТҮМЭНДЭЭ ХАНДСАН АНДГАЙ

“Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ий оролцогчдоос Улс түмэндээ хандсан андгайг төрийн байгууллагат ажиллаж байгаа ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болж 20 төрийн албан хаагч өргөлөө. Төрийн албанд ажиллах байгаа хэн боловч бүгд дагаж мөрдөх учиртай тул энэхүү андгайг бүрэн эхээр нь танилцуулъя.
Монгол Улсын төрийн албаны удирдах албан тушаалтан бид 2018 оны 9 дүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улсынхаа нийслэл Улаанбаатар хотноо хуран цуглаж, Монгол төрийн албаны үндсэн зорилгын хүрээнд тулгамдсан асуудлаа шүүн хэлэлцэж, нухацтай зөвлөлдлөө. Уудам дэлгэр Улс эх орныхоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, иргэн бүртээ хүрч ажиллах үүрэгтэй төрийн албан хаагч бид энэхүү зөвлөгөөнөөс өөрсдийн мэдлэг, ур чадвараа дайчлан Улсынхаа хөгжлийг урагшлуулах урам зориг, эрч хүч, цэнэг сэдэл авч, улам шургуу зүтгэхээ илтгэхийн ялдамд Улс түмнийхээ өмнө дараахь андгайг итгэл төгс өргөж байна. 
Нэг.Төрийн албан хаагчийн ёс зүйг ариунаар ашид эрхэмлэн хувь хүн, харь улс, шууд удирдлага, тодорхой байгууллага, аль нэгэн аж ахуйн газрын эрх ашгаас Улсын эрх ашгийг урьдал болгон түүнд ямагт үнэнч байж, төрийн албанд ёс бусаар шургалж ичгүүрт хоч, хаяг шошиг зүйхгүйн төлөө чармайн ажиллана.
Хоёр.Монгол Улсын төрийн жинхэнэ албанд иргэд чөлөөт, өрсөлдөөнт шалгалтын замаар мэдлэг, ур чадвараа шудрагаар үнэлүүлж орох замд саад тотгор учруулах шившигт үйл ажиллагаанд бие, сэтгэл, үг хэлээрээ оролцохгүй.
Гурав. Ах дүү, хамаатан садан, танил талаа дотночлон бусдаас илүү үзэж хэрэг явдлыг нь ёс бусаар бүтээж өгдөг уршигт үзэгдлийг төрийн албанаас шахах талаар санаачилагатай ажиллана.
Дөрөв. Улс төрийн талаар төвийг сахиж, төрийн хүний төрхтэй байх хуулиар тодорхойлогдсон зарчмаа сахин, аль нэгэн нам, улс төрчийн ивээл хамгаалалд орохыг эрмэлзэн, аялдан зулгуйдагч, дагалдан баясагч байхаас эрс зайлсхийж, төрийн албандаа ямагт төвч байр суурийг сахина.
Тав. Албаны шугамаар олж авсан мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг өөрт ашигтайгаар эсвэл бусдад хортойгоор ашиглах, өөрсдийн ажиллаж байгаа болон бусад төрийн байгууллагатай холбоотой аливаа аж ахуйн үйл ажиллагаанд хувийн ашиг хонжоо, сонирхолд хөтлөгдөн шууд ба шууд бусаар хутгалдан орохгүй.
Зургаа. Гар харах, тал тохой татах, өнгө, царайд унах элдэв муу зуршлаас эрс татгалзаж, ажиллаж байгаа албаныхаа хүрээнд авилга, хээл хахуулийн аливаа илрэлийг эрс эсэргүүцнэ.
Долоо. Төрийн үйлчилгээг түмэн олонд хүргэхдээ хэнийг ч үл ялгаварлан наран мэт тэгш, түгээмлээр хандаж, хүнлэг энэрэнгүй, соёлч боловсон, чанарлаг, сэтгэл хангалуун байлгахыг эрхэмлэнэ.
Найм. Дэвшүүлсэн зорилтыг гүйцэлдүүлэхдээ хамгийн бага зардлаар хамгийн их үр дүнтэй, бүтээмжтэй ажиллахыг эрмэлзэнэ.
Ес. Улсынхаа хуулийг дээдэлж төрийн албаны ёс зүйг хүндэтгэж, хуулиар тогтоосон мэдлэг ур чадварын шалгуур, шаардлагыг бүрнээ ухамсарлан ойлгож, төрийн алба хаших, ахиж дэвшихдээ зөвхөн хуулийн хэм хэмжээ, тэргүүрийн шаардлагыг сахин,түүгээр ёс төртэй замнах болно. 
Төрийн албан хаагч бид хуулиар олгогдсон албаны хэм хэмжээ, ёс зүйн эдгээр зарчмаа хаана ч хэзээ ч бат сахиж явахаа батлан амлаж байна. Няцваас ард иргэд, албан тушаалтнаас гарах хариу үйлдэл, гэсгээл, хариуцлагыг ухамсартайгаар даган биелүүлэх болно гэдгээ андгайлж байна. Улс түмэндээ андгайлсан өнөө цагийн төрийн албан хаагчид бидний үнэнч сэтгэлийн амлалт, түүний бодит биелэлтээс төрдөө итгэх ард түмний минь итгэл сэргэж, төр эергүү түвшин, түмэн олондоо зориулсан үйлчилгээ нь хүртээмжтэй мөртлөө чанартай, шударгуу мөртлөө шуурхай болох болтугай. 
Төв түвшин, түмэн олон амгалан байг.