БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХАН ЭНЭ ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ИРЭХ ОНЫ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО

Өнөөдөр Байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон ярилцлаа. “Байгаль орчны салбарын зөвлөгөөн-2018” сургалт, семинарт сумдын байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид, сум болон сум дундын ойн ангийн дарга, инженер, техникчид хамрагдлаа. Сургалтад БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхзаяа, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ нарын хүмүүс оролцож мэргэжил арга зүй, хууль тогтоомж, эрхзүйн мэдээллийг өглөө.

Тус сургалтын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нээж хэлсэн үгэндээ 2018 он аймаг, орон нутгийн хувьд олон шийдвэрүүд гарсан онцлог жил болсныг, тэр дундаа Монгол Улсын Засгийн газраас манай аймгийг газар тариалагийн бүс нутаг болгосоныг тодотголоо. Мөн шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага нэмэгдсэн байгааг онцлов. Аймгийн Засаг даргын зүгээс зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ үүрэг чиглэл өгснийг уламжиллаа. Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлж ажиллахдаа төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, улс төрийн нөлөөлөл, авлига ашиг сонирхолоос ангид байж иргэдэд чирэгдэлгүй үйлчилж байхыг үүрэг болгов. Мөн ой, хээрийн түймрийг гарсны дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулах, ажлын цаг ашиглалтын үр нөлөөг өндөржүүлэх, ажилдаа идэвхи санаачлагатай, сэтгэл зүтгэлтэй ажиллах, аймгийн ИТХ-аас гаргасан “Ойн дэд хөтөлбөр”, “Сэлэнгэ-Ногоон бүс нутаг хөтөлбөр”, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр”-үүд, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Байгаль орчны бодлого, шинэчлэлийн хүрээнд хийгдэхээр тусгагдсан ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.