ЗУЛ БИЧИГ

Улс түмнээрээ хөдөлмөр, бүтээлээ үнэлүүлж, үр хүүхдээ үлгэр жишээ хүмүүжүүлэн эх орондоо хэрэгтэй зөв иргэд болгон төлөвшүүлсэн, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, бидний хайр хүндэтгэлийг хүлээсэн ахмад ажилтан Р.Төмөрхуяг хорвоогийн мөнх бусыг үзүүлж бурхны хутгийг оллоо.

Р.Төмөрхуяг 1951 онд Ойдовын Рагчаагийн ууган хүү болон мэндэлж 1959-1966 онд Зэлтэрийн САА-н 7 жилийн сургууль, 1966-1968 онд тэр үеийн ЗХУ-ын Джамбул хотын Техник мэргэжлийн сургуулийг цахилгаанчин, сантехникчийн хос мэргэжил эзэмшин төгсөж Сэлэнгэ аймгийн барилга угсралтын конторт мэргэжлээрээ ажиллаж байлаа.

1969 онд цэргийн албанд татагдан Нийгмийг аюулаас хамгаалах Яамны хязгаарын ба дотоодын цэргийн харьяа Дорнод аймаг дахь ангийн 6 дугаар заставд жагсаалын дарга, манааны ахлагч, 1972 оноос Дархан хотын Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн харьяа Баруунхараа дахь улсын нөөцийн нефть баазад гал сөнөөгч, 1979 оноос Сэлэнгэ аймаг дахь Цагдан сэргийлэх хэлтсийн харьяа Чүдэнзний үйлдвэрийн галын постод гал сөнөөгч, 1991 оноос аймгийн Боловсролын хэлтсийн харьяа төв цэцэрлэгт нярав, 1993 оноос аймгийн Засаг даргын Тамгын газарт нярав, аж ахуйн эрхлэгч, нийтлэг үйлчилгээний албаны дарга, жолоочоор ажиллаж байгаад 2016 онд гавьяаныхаа амралтад гарсан билээ.

Түүний хөдөлмөр, бүтээлийг төр засгаас үнэлж “Алтан гадас” одон, “Цэргийн хүндэт медаль”, “Г.К.Жуковын медаль”, “Онц тээвэрчин”, “Осолгүй манлай” цол тэмдэг, Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн медалиар шагнаж урамшуулж байв.

Р.Төмөрхуягийн хичээнгүй, няхуур, тууштай, хөдөлмөрч зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Талийгаачийн ар гэр, ах, дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Ум сайн амгалан болтугай.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР