МОНГОЛ УЛСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын спортын түүхэнд анхны Олимпийн аваргыг төрүүлсэн спорт бол жү-до бөхийн спорт юм. Энэхүү спортыг аймаг орон нутагтаа хөгжүүлэх их үйлсэд мэдлэг, ур чадвар, бүхий л амьдралаа зориулан хөдөлмөрлөсөн багш, сурган хүмүүжүүлэгч, ОХУ-ын Буриад Улсын гавьяат дасгалжуулагч, “Алтан гадас” одонт Данзангийн Эрдэнэбатын нэрэмжит Монгол Улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах жү-до бөхийн тэмцээн өнөөдөр эхэллээ. Тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа албан ёсоор нээлээ.

Энэхүү тэмцээн нь тив, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Токио-2020” Олимпын их наадамд оролцох, Дэлхийн чансааны оноо олгох Гран-При, Их дуулга зэрэг өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг жүдочдод олгож байгаагаараа онцлог юм.

Тэмцээний хоймор Сэлэнгэ аймгийн жү-до бөхийн холбооны тэргүүн Д.Бадрах, олимпийн хүрэл медальт МУГТ Р.Даваадалай, Самбо бөхийн дэлхийн 5 удаагийн аварга, МУГТ Г.Жамсран, МЖБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, дэд ерөнхийлөгч Төмөрболд, Б.Одхүү, МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Л.Балжинням, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, ТЕГ-ын “Эрч” спорт хорооны дарга, МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Нармандах нарын хүмүүс тухлан саатжээ.

Нээлтийн арга хэмжээний үеэр Д.Эрдэнэбат багшид Монголын жү-до бөхийн холбооноос “Хүндэт өргөмжлөл”-ийг гардуулан өгсөн бол аймгийн БТСГ болон ах дүүс, үе үеийн шавь нар, найз нөхөд, уяачдын зүгээс мөн хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр эмэгтэй 48, 52, 57, 63, эрэгтэй 60, 66, 73 жингийн аваргууд тодорлоо.

Тэмцээн маргааш үргэлжлэн явагдана.