"ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ЦОМ-2019" ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

Манай аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулагддаг "Футзалын Үндэсний цом-2019" тэмцээн болж байна. Тэмцээний албан ёсны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч А.Ганбаатар, дэд Ерөнхийлөгч Б.Буман-Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ удаагийн тэмцээнд 18 аймгийн баг тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Сэлэнгэ аймаг хөлбөмбөгийн түүхэнд өөрийн гэсэн зам мөрөө үлдээж яваа аймгуудын нэг. Үүний жишээ бол Сэлэнгэ нутгийн хүү Г.Ганбаяр Монголын хөлбөмбөгчдөөс анх удаа Европийн тавцанд хөл тавьж эх орон, нутаг усныхаа нэрийг мандуулж яваа явдал юм. Мөн бид аймгийн шигшээ багийн үе үеийн дасгалжуулагчид болох Цогт, Хишигням,Энхтөр, Ганхуяг нараараа бахархдаг. Эдгээр багшийн шавь нараас Ц.Энхтөр, Д.Эрдэнэ-Очир, Д.Баяр-Зориг нар Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангаад байна. Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдана.