“АЛТАН ХУРГА”-НЫ ЭЗЭН Ж.ДАВААНЯМ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчин “Алтан хурга”-ны эзэн Ж.Давааням тэнгэр хангай ажиглаж, байгалийн шинж тэмдгээр цаг агаар тодорхойлох ардын уламжлалт аргыг гаргуун сайн эзэмшиж авчээ. Энэ ухаанаа мал маллах арга барилдаа тусгаж, жилийн дөрвөн улиралд малын бэлчээрээ нарийн сайн судалж ашигладаг байна. Тухайлбал намрын улиралд өвөл, хаврын бэлчээрээ нөөцлөн аль болох тал задгай, өвсний сөлтэй газраар оторлож, малаа бэлчээн тарга хүчийг нь авхуулдаг байна. Үүний зэрэгцээ хадлан тэжээл, хужир шүү зэргийг малынхаа тоо толгойд тохируулан хангалттай базаан авч өвөлд бэлддэг байна. Мөн өвөлжөө нь уулын энгэрт, нөмөр ихтэй, салхи, жавар хаасан, бэлчээртээ ойр байдаг бөгөөд бог, бод бүх мал нь багтахаар том хэмжээтэй аж. Давааням сумандаа малч ухаан, хөдөлмөрч, бусдад тусархуу зан чанараараа ялгардаг чанартай нэгэн юм.