ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙ - ТҮНШЛЭЛИЙН ЧУУЛГАН БОЛЛОО

Монгол Улс 2016 онд Органик хүнсний тухай хуулийг баталснаар ХАА-н органик үйлдвэрлэл эрхлэх, органик хүнсийг баталгаажуулах, органик ХАА-н хөгжлийг дэмжих хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. Тус хуульд заасан хамтын баталгаажуулалтын тогтолцоо нь хөдөө аж ахуйн чиглэлээр жижиг аж ахуй эрхлэгчид, хоршоодын харилцан итгэлцэл, хяналтад тулгуурлан бага өртөгтэйгөөр органик хүнсийг баталгаажуулах нөхцөлийг хангасан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт идэвхжүүлэх, хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгон хөгжүүлэх, органик хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ХХААГ,  АДРА Монгол ОУБ хамтран “ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙ - ТҮНШЛЭЛИЙН ЧУУЛГАН”-ыг 1 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн төвд зохион байгууллаа.

Түншлэлийн чуулганыг нээж аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлсэн үгэндээ органик ХАА-г Сэлэнгэ аймагт түүчээлэн эхлүүлэх, бага талбайд тариалан эрхлэгч иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн ЗДТГ нь өөрийн харьяа газар, хэлтэс, сумуудаар дамжуулан Органик хүнсний тухай хуулийг сурталчлах, органик хөдөө аж ахуй, хамтын баталгаажуулалтын тогтолцоог хөгжүүлэх, хоршоодын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах юм. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга сумдын Засаг даргатай байгуулах үр дүнгийн гэрээнд хоршоодыг дэмжих тухай заалт оруулах, 1 сум 1 загвар хоршоо хөтөлбөр хэрэгжүүлэх, органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрийн худалдан авалтаар дэмжих, Брэнд бүтээгдэхүүнийг тодруулах, дэмжих зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр боллоо.

Чуулганд оролцсон Бороо Гоулд, АММАК, Монгол экологийн бордоо, Голомт банк зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл органик ХАА-н өртгийн сүлжээг дэмжих, тоног төхөөрөмж, үр, бордоог тариаланчдад тохирсон нөхцөлөөр нийлүүлэх, органик газар тариалан эрхлэхэд хэрэглэгчийн хяналтыг хангахад хамтарч ажиллахаа илэрхийлэв. Онцлон дурдахад Голомт банк Органик ХАА-г олон нийтэд сурталчлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор органик ХАА-н талаарх реалити шоу нэвтрүүлэг бэлтгэх болон 1-2 хоршоог зоориор хангахад дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Төсөл, хөтөлбөр, иргэний нийгмийн төлөөлөл Органик ХАА-н талаарх мэдээл сурталчилгааны ажилд хамтарч ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн хөгжүүлж буй “Farmer connect” аппликэйшинээр дамжуулан хамтын баталгаажуулалтын байгууллага, органик хөдөө аж ахуйн талаар сурталчлах, борлуулахад хамтран ажиллахаа илэрхийлсэн бол Мерси Кор болон Монгол алт төслийн төлөөлөл өөрсдийн сургалтад органик ХАА-н талаарх ойлголтыг оруулах боломжтой гэв. Мерси Кор хөнгөлөлттэй зээлийн гарын авлагыг тариаланчдад хүргэх, өөрсдийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй малын тэжээл тариалахад стандарт шаардлагыг оруулах талаар ярилцлаа. МҮХАҮТ тариаланчдыг сүлжээ дэлгүүрүүдтэй холбогдоход дэмжлэг үзүүлэх, Органик Монгол үзэсгэлэнг хамтран зохион байгуулах, Органик Монгол зээлд тариаланчдыг хамруулахад хамтран ажиллахаар боллоо. Төсөл, хөтөлбөр, иргэний нийгмийн төлөөлөл хариуцлагатай, ил тод байдлыг хангах зорилгоор төрийн байгууллагын ХАА-н мэргэжилтэн, малын эмчийг хамтын баталгаажуулалтын байгууллагын  гишүүнээр орж ажиллах, органик тариалан эрхлэгчдийг бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм.

Хоршоод хамтын баталгаажуулалтын байгууллагыг байгуулах талаар санал солилцож, баталгаажуулалт, борлуулалт, маркетингийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттай явуулахаар тохиролцов.