МЭНДЧИЛГЭЭ

Сэлэнгэ сайхан нутгийн зон олондоо XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон Гахай жилийн сар шинийн баярын мэндийг хүргэе. 

Монгол түмнийхээ хүнсний үйлдвэрлэлийн гол түүхий эд улаанбуудай, төмс, хүнсний ногоог уугуул нутгийнхаа үржил шимт хөрсөнд үйлдвэрлэж ард түмнээ 60 жилийн туршид хангаж ирсэн Сэлэнгэ нутгийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 131 дүгээр тогтоолоор “ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГ”-аар баталгаажууллаа.

Атар газар эзэмшсэний 60 жилийн босгон дээр бид бүхний газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилго, зорилтууд төрийн шийдвэрээр биеллээ олж Сэлэнгэ нутагт ашиг шим арвинтай фермерийн аж ахуйнууд олноороо хөгжиж, бэлчээрийн мал аж ахуйтай иргэд мал сүргийнхээ бүтэц, чанарыг дээшлүүлэн фермерийн чиглэл рүү  шилжиж байна.

Энэ цаг үед иргэн та ч бас бусадтайгаа хөл нийлүүлэн аймгийнхаа бодлого шийдвэрийг дэмжин мал сүргийнхээ чанарт анхаарч, тариаланчид малчид биесээ дэмжиж, өөр аймгаас олон тооны бэлчээрийн малтай өрх, иргэдийг  орон нутагтаа хүлээн авахгүй байхад төр захиргааны байгууллагууд, иргэдийн нягт хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна. 

Шороон гахай жил Сэлэнгэчүүдэд өгөөж буянаа харамгүй хайрлан, аж ахуйн нэгж, ард иргэдийн маань амьдрал өнгөжин хөгжиж амжилтаар арвин, үйлс бүтэж өлзий буян хурахын ерөөлийг өргөе. 

“Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье”

 

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН              Г.БЯМБАА            

ЗАСАГ ДАРГА                                            Ш.ОРГИЛ