МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН: АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ХИЙГДЭХ ГЭЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ УЯЛДУУЛАХ БОЛОМЖ НЭЭГДЭЖ БАЙНА

Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж Алтанбулаг сумын Чөлөөт бүсийн үйл ажиллагаа болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтанбулаг хилийн боомт, Сүхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албыг түшиглэн хэрэгжүүлж буй Хилийн үйлчилгээг сайжруулах төсөл, Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төслийн явцтай газар дээр нь танилцлаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй хийсэн ярилцлагыг хүргэе.

-Сайн явж байна уу? Та Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Холбогдох хүмүүсийн мэдээллийг ч сонслоо. Таны хувьд цаашид чухам юуг онцолж хиймээр санагдав. Энэ олон жил чөлөөт бүсийн үйл ажиллагаа урагш ахихгүй зогсонги байж ирсний учир юунд байв?

-Та бүхний амгаланг айлтгая. Өнөөдөр Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай, энд ажиллаж байгаа төрийн байгууллага, иргэд, бас хөрөнгө оруулчихсан компаниудын удирдлагуудтай уулзлаа. Ер нь чөлөөт бүсийн тухай шийдвэр 1995 онд гарснаас хойш 24 жил өнгөрч байгаа. Ажил их удаан, маш амаргүй явж байгаа. Гэхдээ энд их олон шалтгаан нөлөөлсөн. Чөлөөт бүсийн асуудлыг их олон газар өөр өөр тийш нь шилжүүлсэн. Нэг болохоор шадар сайд, нөгөө талаар тэргүүн шадар сайд, эсвэл худалдаа үйлдвэрлэлийн яам, эсвэл үйлдвэр худалдааны яам, эсвэл эдийн засгийн хөгжлийн яам гээд шилжүүлээд яваад байсантай холбоотой. Өнөөдөр газар дээр нь үзээд  нэлээд их ажил хийх шаардлагатай байгаа юм байна гэж бодлоо.

-Нэн түрүүнд ямар ажлууд хийгдэхээр байгааг та олж харав?

-Юуны түрүүнд энд цахилгааны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм байна. 2019 оны төсөв батлагдсан. Иймээс 2020 оны төсөвт ярих хэрэгтэй. Хоёрдугаарт хууль эрх зүйн талаас нэг мөр болгох асуудлууд байна. Тухайлбал хүнсний хуультай холбоотой, гаалийн тухай хуультай холбоотой зүйлүүд байна. Тэр хуулиудад өөр өөр заалтууд байгаа. Тэд нар нь хоорондоо уялдаж чадахгүй байгаагаас үүдээд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахад их хүнд байгаа юм байна. Жишээ нь эндээс хүнсний бүтээгдэхүүн худалдан аваад гарья гэхэд иргэн хүнд хамаатай юм уу, эсвэл аж ахуйн нэгжид хамаатай юм уу гээд. Иймээс хуульд ийм зөрчилтэй  байна гээд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Энэ асуудлыг нэг мөр болгож өгье гэж бодож байна.   

-Иргэдийн ярианаас ч тэр, үг хэлж байгаа хүмүүсийн ярианаас ч тэр сонсож байхад мэдээлэл маш дутмаг. Бас төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын уялдаа холбоо маш муу байна гэж шүүмжиллээ. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Тиймээ. Надад төрсөн бас нэг бодол бол ер нь үйл ажиллагааг сайн уялдуулж өгөх шаардлагатай юм байна гэж бодлоо. Засгийн газар, орон нутгийн удирдлагууд, аймаг, сумын удирдлагууд. Тэгээд энд хөрөнгө оруулалт хийж байгаа хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрийнхөн. Эдний үйл ажиллагааг маш сайн уялдуулж, зангидаж өгөхгүй  бол өөр өөр тийшээ, чиг чигээ харсан салангид үйл ажиллагаа явуулж байгаагаас ажлын үр дүн харагдахгүй байна. Энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Бас нэг бодогдсон зүйл бол хөрөнгө оруулалтыг хийхдээ их сайн бодож төлөвлөөгүйгээс болж, нэг баахан мөнгө төгрөг зарцуулчихдаг, тэр нь цаашаа ашиглагдахгүй, үхмэл хөрөнгө болчихдог. Энэ байдал Алтанбулаг чөлөөт бүс дээр ч байна. Тухайлбал 264 сая төгрөг зарцуулан барилга барьж эхэлсэн. Гэтэл түүнээс хойш хөрөнгө оруулалт хийгдээгүй. Одоо босгочихсон карказ төмрөө ашиглах боломжгүй болж түргэн нураах тухай ярьж байна. Энэ бол бидэнд маш том сургамж болж байгаа юм.

-Эцэст нь та өөрийн биеэр ирж чөлөөт бүсийн ажил байдалтай танилцлаа. Ямар дүгнэлтэд хүрэв. Та бас Азийн хөгжлийн банкны төслийн багийнхантай хамт яваа юм байна?

-Өнөөдөр надад итгэл төрж байгаа нэг зүйл бол Азийн хөгжлийн банкнаас энэ оноос эхлээд нэлээд томоохон хөрөнгө оруулалт тухайлбал боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор том хөрөнгө оруулалт хийж байгаа явдал. Нийтдээ 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх гэж байна. Энд хийгдэх гэж байгаа барилга байгууламж, тавигдах гэж байгаа замын хөрөнгө оруулалтыг чөлөөт бүсийн хөрөнгө оруулалттай уялдуулах боломж бас нээгдэж байна. Энэ маш сайн. Жишээ нь энд 25 км цэвэр, бохир шугамын шуудуу татчихсан байгаа боловч түүнийгээ одоо хүртэл ашиглаагүй байгаа явдал. Одоо үүнийгээ Азийн хөгжлийн банкны шугамаар хийгдэх тэр хөрөнгө оруулалттай уялдуулаад хийх боломжтой гэдгийг өнөөдөр төслийн багийн удирдагч хэллээ. Ийм байдлаар л энэ үйл ажиллагаагаа уялдуулах явдал өнгөрсөн жилүүдэд их сул байж, үүнийг хойшид анхаарахгүй бол болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.