АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Д.ӨНӨРЖАРГАЛ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭР СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМ ДАХЬ ХИЛИЙН БООМТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХОЁР ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь авто замын, Сүхбаатар  Шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэд хэдэн төсөл хэрэгжих гэж байна. Энэхүү төслийн талаар Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргалаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сэлэнгэ аймаг дахь хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэрэгжих төслүүдийн талаар тодрууллаа.

Тэрээр, Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь хилийн боомтыг хөгжүүлэх чиглэлээр үндсэндээ хоёр төслийг хэрэгжүүлэх гэж байна. Нэгдүгээр төсөл нь ургамал малын эрүүл ахуй, түүний арга хэрэгслийг сайжруулахад дэмжсэн төсөл байгаа. Энд 15 сая ам.долларын санхүүжилттэй. Үүний хүрээнд МХЕГ, ХМХА-ны лабораторийг хилийн боомтод барьж байгуулна. Дараа нь хилээр орж ирж байгаа мал, ургамлын хорио цээрийн дэглэмийг тогтоох байгууламжийг барьж байгуулах төсөл хэрэгжинэ. Мөн үүнээс гадна төслийнхөө хүрээнд мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн лабораторийг Сэлэнгэ аймагт барьж байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ төслийн хүрээнд Замын-Үүд боомтыг хамруулан ажиллана. Үүнээс гадна Азийн хөгжлийн банкнаас 27 сая ам.долларын санхүүжилттэй хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл хэрэгжинэ. Алтанбулаг боомтыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа боомтуудаас цорын ганц 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа, ачаалал ихэссэнтэй холбоотойгоор энэ боомтын өнөөдрийн нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх ажлыг хийх юм. Энэ төсөлтэй холбогдох зураг төслийг гаргасан. Төлөвлөгөөний дагуу энэ жилдээ барилгын ажил эхэлнэ. Ойролцоогоор хоёр жилийн хугацаанд төлөвлөсөн барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хилийн орчныг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд Алтанбулаг сумаар дамжиж байгаа авто замын хөдөлгөөнийг сааруулаад хил рүү нэвтэрч байгаа хүчин чадлыг дэмжсэн 1.7 км орчим замыг барьж байгуулахаар төлөвлөсөн. Алтанбулаг боомт маань автозамын боомт. Тэгэхээр үүнээс гадна төмөр замаар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний урсгал. Түүн дээр ажиллаж байгаа хилийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, үйлчилгээг нэг цэгээс төвлөрүүлэх гэдэг үүднээс Сүхбаатар хилийн боомт дээр буюу төмөр замын вокзал дээр бас нэг цэгийн үйлчилгээний төвийг барьж байгуулах ажлуудыг эдгээр төслийн хүрээнд хийхээр төлөвлөөд байна.