“ӨВСНИЙ ҮНДЭС” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ОРХОНТУУЛ СУМЫН РАШААНТ ТОСГОНЫ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙГ ЗАСВАРЛАНА

Өнөөдөр манай аймагт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд МАСАТО ТАКАОКА албаны айлчлал хийж аймгийн баг бүрэлдэхүүнтэй уулзлаа. Ноён элчин сайдыг “Өвсний үндэс” хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Мияамаэ Наоми, хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Мөнхбаатар нар дагалдан явлаа. Албан уулзалтад Япон улсаас Сүхбаатар сумын сургуулиудад ажиллаж байгаа 3 мэргэжилтэн оролцлоо. Сэлэнгэ аймгийн талаас Аймгийн Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, НБХ-ийн дарга Б.Энхбат, ХОХБТХ-ийн дарга А.Эрдэнэгэрэл, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Орхонтуул сумын ИТХ-ын дарга М.Цогбаяр, Рашаант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал Н.Бүрэнцогт нар оролцлоо. Уулзалтын үеэр найрамдалт харилцаа өргөжин тэлж, үр дүнгээ өгч байгааг хоёр тал онцолж байв. Энэхүү айлчлалын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил ноён элчин сайд МАСАТО ТАКАОКА нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлын хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Рашаант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сэлэнгэ нутгийн тогтвортой хөгжил, ард иргэд, хүүхдүүдийн сайн сайхан амьдралыг цогцлоон бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж  дэмжлэг туслалцаа үзүүлэн идэвхтэй хамтран ажиллаж байгаа элчин сайд МАСАТО ТАКАОКА-д талархлаа илэрхийллээ.

Одоогоос 1 жилийн өмнө ноён элчин сайд манай аймагт ажиллаж Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгийн харьяа ПСМК дахь цэцэрлэгийн барилгыг сэргээн засварлах гэрээнд гарын үсэг зурж байсан нь бодит ажил болж өнөөдөр тус цэцэрлэг таатай тохилог орчинд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймагт 1997-2017 онуудад эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт нийт 23 төслийг хэрэгжүүлж 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсныг аймгийн Засаг дарга тэмдэглэн хэллээ. Өвсний үндэс хөтөлбөрийг Монгол Улсад 1990 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 528 төсөл хэрэгжүүлжээ.  Тус хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.