Ерөөчүүд “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” бизнес чуулга уулзалтыг зохион байгуулж 271 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр болжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын удирдлагууд сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, иргэдийн эрэлт хэрэгцээнд чиглэсэн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшилд адил тэгш боломж олгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” бизнес чуулга уулзалтыг 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулжээ.  

Чуулга уулзалтад суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 150 гаруй төлөөлөл, 39 аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч оролцсон байна. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн санал санаачилгаараа сумын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн ая тухтай орчин бүрдүүлэх, орчны тохижилтыг нэмэгдүүлэх, төр төсвийн байгууллагын тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр 22 төсөл хөтөлбөрийн 271 сая 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр сумын Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Ерөө сумын Бугант тосгоны модны мэргэжлийн байгууллагууд 50 сая төгрөгөөр ЭМТ-ийн цусны шинжилгээний аппарат, чулуутын хэсэгт гүүр, 19-р цэцэрлэгийн хөгжил төсөл, ЕБС-д хөрөнгө оруулалт хийхээр болсон бол “Толгойтын гол” ХХК ЕБС-ийн цэвэр усны сав, “Жинжий майнинг” ХХК сургуулийн ширээ солих, “Капитал сервис”ХХК Чулуутын хэсэгт тоглоомын талбай, “Ди Зет Энд” Ай ХХК  чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчийн нэг жилийн цалин, “Баяжмал алт” ХХК Гүний худаг барьж байгуулахаар болжээ. Эдгээр бүтээн байгуулалтуудын ажлыг нийт 94300000 төгрөгөөр хийхээр болсон байна.

Мөн чуулганы үеэр суманд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарч, сумандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ иргэддээ бэлэг барьжээ.