ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭЭ БАЙРТАЙ БОЛГОНО

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ дэмжсэн ажил, арга хэмжээний талаар холбогдох хүмүүсийн саналыг авч харилцан ярилцлаа. Уулзалтад аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга С.Саруултөгс, мэргэжилтэн Доржбат, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөлөл оролцлоо. Аймгийн даргын зүгээс  хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ өөрсдийн гэсэн байртай болгохыг зорьж байна. Тиймээс байр барьж болох инженерийн шугамд ойр газрыг олж, зураг төслийг гаргахыг ГХБХБГ-т үүрэг болголоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ чөлөөт цагийг өнгөрөөх газрыг бий болгох зорилгоор энэхүү байрыг барихаар төлөвлөөд байна. Мөн аймгийн хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг гаргаж, тэдгээр хүүхдүүд, эцэг эхчүүдтэй уулзах зорилтыг ч аймгийн дарга тавьжээ.