ЕРӨӨ СУМАНД 100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил сум орон нутагт ажиллаж, ард иргэдтэй уулзан тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Ерөө суманд ажиллахдаа тус сумын ирээдүй болсон хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн эрх ашгийн үүднээс 100 хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Одоогийн цэцэрлэгийн барилга цууралт үүсч, ан цав гаран, суултад оржээ. Аймгийн МХГ-аас сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийг гаргасан байна. 

Мөн тус сумын төр төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалттай болгох инженерийн шугамын төсвийг 2020 оны төсөвт суулгахаар болов. Ийнхүү Ерөөчүүдийн хоёр гол асуудлыг аймгийн дарга газар дээр нь шийдвэрлэлээ. Энэ үеэр иргэдээс бичгээр санал асуулга авч дор бүр нь хариулт өглөө.

Ирсэн асуултын дийлэнх цэцэрлэгийн асуудал байв. Мөн бичил уурхай эрхлэгчдийг аймгаас дэмжиж байгаа бөгөөд хааж боох ямар нэг асуудал байхгүй гэдэг байр сууриа аймгийн дарга илэрхийллээ. Хамгийн гол нь хуулийн хүрээнд ажиллах ёстойг анхааруулав.