АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ, ҮР ДҮНГ “ХАНГАЛТТАЙ” ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаан энэ сарын 28-ны өдөр 75.6 хувийн ирцтэйгээр хуралдаж, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг хэлэлцээд “Хангалттай” хэмээн үнэллээ.

Мөн зарим газрыг бичил уурхайн зориулалтаар аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцээд “Аймгийн тусгай хэрэгцээний газрын зориулалт, хэмжээг өөрчлөн тогтоох тухай” болгон өөрчилж, байгалийн үзэсгэлэнт газрыг хамгаалах зорилгоор аймгийн тусгай хэрэгцээнд авсан 16642.04 га газраас Ерөө сумын “Өлөнт”, “Цамхаг”, “Могойн гол” нэртэй газрын 19.04 га газрын зориулалтыг өөрчилж бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, 16623 га болгон өөрчлөн тогтоолоо. Дээрх тогтоол гарсантай холбогдуулан аймгийн ИТХ-ын 2018 оны 44 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцов.

Мөн хуралдаанаар атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийг “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор шагнуулахаар санал уламжлах тухай асуудлыг хэлэлцээд төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Сэлэнгэ аймгийн 2019 оны төсөв батлах тухай 51 дүгээр тогтоолын хавсралт дахь зарим төсөл, арга хэмжээний нэршил өөрчлөх тухай асуудлыг хэлэлцээд уг тогтоолын хоёрдугаар хавсралтад “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын 1.2.1, 1.2.9, 1.3.8 дахь арга хэмжээний нэршлийг өөрчлөн тогтоолоо. Хурлын хэлэлцэх асуудлын дараалал ёсоор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны ажлын тайланг хэлэлцээд “Хангалттай” хэмээн дүгнэлээ.