ЗУЛ БИЧИГ

БАДРАХЫН САНГАЖАВ

/1937-2019 он/

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул, Хөдөө аж ахуйн салбарын ахмад ажилтан, Монгол Улсын Гавьяат агрономич Бадрахын Сангажав 2019 оны 4-р сарын 4-нд таалал төгслөө.

Б.Сангажав нь 1937 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг Цацангийн голд Монгол төрийн зүтгэлтэн, Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны Нинж Долби Ноён Номун Ханы отгийн дарга Норовдондогийн Бадрахын гэр бүлд төржээ.

Тэрээр 1948 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын бага сургууль, 1954 онд Сүхбаатар сумын 7 жилийн сургууль, 1957 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1966 онд ХААИС, 1976 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуулийг дүүргэж, багш, агрономич мэргэжил эзэмшихийн зэрэгцээ улс төрийн дээд боловсролтой болжээ.

Б.Сангажав нь 1957-1961 онд Сэлэнгэ аймгийн Сант сумын Бага сургуульд багш, захирал,  1966-1996 онуудад Сэлэнгэ аймгийн Намын хороонд хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн, Хөдөө аж ахуйн хэлтсийн дарга, аймгийн Хөнгөн хүнсний үйлдвэрүүдийн Намын хорооны дарга зэрэг нам төрийн хариуцлагатай албанд 40 гаруй жил тасралтгүй ажилласан байна. Түүнчлэн 1996-2000 Сэлэнгэ аймгийн Үл хөдлөх хөрөнгийн газрыг анх байгуулалцан Улсын анхны бүртгэгчээр нь ажилласан байна.

2000 оноос Улсын 7 удаагийн аварга, Улсын тэргүүний Тариаланч хамт олон “Товхонхан” компанийн захирал, зөвлөхөөр ажиллаж байлаа. Бадрахын Сангажав нь төр нийгэм, хувийн хэвшилд хариуцлагатай алба хашиж байхдаа газар тариалангийн үйлдвэрлэлийг боловсронгуй болгох, техник технологийн шинэчлэл хийхэд бодлого боловсруулан хэрэгжүүлэхийн зэрэгцээ Атрын I, II, III аяныг өрнүүлж, зохион байгуулахад өндөр хувь нэмэр оруулсан манай газар тариалангийн үйлдвэрлэлийн нэртэй зүтгэлтэн юм.

Түүнчлэн технологийн шинэчлэл, хөрсний үржил шимийг сэргээхэд онцгойлон анхаарч ажилласнаар өөрийн эзэмшлийн газар тариалангийн “Товхонхан” компани нь тогтвортой өндөр ургац хурааж, Улсын долоон удаагийн аварга компаниар шалгарчээ.

Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан түүний хувь нэмрийг Монгол Улсын төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Атарчдын алдар” медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”, “Багшийн алдар одон” болон бусад одон медалиар шагнажээ.

Түүнчлэн Монголын газар тариалангийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан төдийгүй, үйлдвэрлэл зогсонги байдалд орсон үед компанийнхаа үйлдвэрлэлийг хэвийн ажиллуулж, үр тарианы үйлдвэрлэлд техник технологийн дэвшил гаргаж ажилласан тул МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АГРОНОМИЧ цол олгожээ.

Тэрээр төрж өссөн Сэлэнгэ нутгийнхаа бүтээн байгуулалтын төлөө амьдралынхаа 50 гаруй жилийг үр бүтээлтэй зориулсан нутгийн зөн олон бидний бахархал, хожим хойч үеийнхэнд үлдэх үлгэр дуурайлал болсон эрхэм хүн юм.

Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр зүтгэл, шулуун шударга, ажилч хичээнгүй, бүтээлч санаачилгатай, нөхөрсөг, хүнлэг эрхэм зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР