АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАГАЙН ХАРВААН ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ БАЙНА

Дэлхийн биет бус өвд бүртгэгдсэн, Үндэсний спортын нэгэн төрөл шагайн харвааны өв соёлыг хойч үе хүүхэд залуучууддаа түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээж хөгжүүлэх зорилгоор аймгийн аварга шалгаруулах шагайн харваан тэмцээнийг аймгийн ЗДТГ, аймгийн Шагайн харвааны холбоо, аймгийн ерөнхий боловсролын спортын сургууль хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн аймгийн аваргад 17 сумын 28 багийн 300 гаруй харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Аймгийн Засаг дарга Ш.Оргил үндэсний өв соёлоо хөгжүүлж түгээн дэлгэрүүлэхэд бодит дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илэрхийлж Шаамар сумын харваачдад шагайн өрөг зурхайг гардуулан өглөө. Цаашид бүх сумддаа энэ дэмжлэгийг үзүүлнэ гэлээ.

Энэ үеэр тус спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж яваа спорт сургуулийн багийн харваач Монгол Улсын Гарамгай мэргэн Ж.Нямбаяр, Баруунхараа багийн харваач О.Гансүх, Сүхбаатар сумын харваач Э.Сод-Эрдэнэ нарыг аймгийн “Засаг даргын жуух бичиг”-ээр, "Аймгийн гоц мэргэн”-ий болзол хангасан Баруунбүрэн сумын харваач Ж.Өлзийбаатар нарт шагналыг нь гардуулж өглөө. 

Манай аймгийн харваачид Улсын аварга, Үндэсний их баяр наадам, Үндэсний спортын их наадмуудаас 13 түрүү авсан бахдам амжилтыг үзүүлээд байгаа. Шагайн харваачид хуран цугласан орчинд элдэв хүндлэлгүй хэл яриа, архи дарсыг цээрлэдэг уламжлалтай ажээ. Харваачид ахас дээдсээ хүндлэх, ах дүүсийн барилдлагатай болох, нутаг усаа баясгах гээд олон сайхан чанаруудыг энэхүү спортоосоо суралцан үе дамжуулан сургасаар явна.