УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ТЕХНИКИЙН ХҮЧЭЭР СҮХБААТАР СУМЫН 5 ДУГААР БАГИЙН ХОГИЙН ЦЭГИЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзаж харилцан санал солилцсоны үндсэн дээр Сүхбаатар сумын Бор гүвээ 5 дугаар багийн хуучин хогийн цэгийг тэдний техникийн дэмжлэгтэйгээр цэвэрлэх ажлыг эхлүүлээд байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Бор гүвээ 5 дугаар багийн хуучин хогийн цэгийн 204 га газрыг түрж булах ажилд “Тод Ундарга”, “Баян талын өв”, “Уулс ноён”, “Рэдхил Монголия”, “Ди Зэт Энд Ай” компаниуд машин техникээр, “Дархан төмөрлөг”, “Шар нарст”, “Мон Тэнгэр”, “Оюу Майнинг” компаниуд хоол хүнс, шатахууны туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байна. Энэхүү ажилд Сүхбаатар сум гэр барьж ажилчдын хоолыг бэлтгэн үйлчилж байна.

Мөн “Сэлэнгэ Энерго”, Сэлэнгэ АЗЗА ОНӨААТҮГ-ууд техникийн хүчээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Аймгийн зүгээс энэхүү талбай дээр цаашид цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлттэй байгаа юм. Иргэдийн ухамсаргүй үйлдлийн улмаас үүсэж хүрээгээ тэлсэн хогийн цэгийг түрж, булж цэвэрлэх ажилтай зэрэгцэн хорооллын иргэд хог хаягдлаа асгаж хаях байдал ихээр их гарч байгаа тул орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгаж, эрүүл аюулгүй нөхцөлд амьдрах асуудал дээр сэтгэл гаргаж хамтран ажиллахыг уриалж байна.

Хамтын хүч дэмийн үндсэн дээр аймгийн төв хаалга болсон энэ орчин гадна дотны зорчин өнгөрөгчдөд таатай сэтгэгдлийг үлдээх учиртай.